Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас /ШӨХТГ/ Зайсанд байрлах KFC түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэргийн талаар өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр тус салбараар үйлчлүүлсэн 20-иод хүн хордлого авч эмнэлэгт хандсан. Улмаар хордлогод орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр 247 хүрсэн юм.
"ТАВАН БОГД ФҮҮДС” КОМПАНИАС ТАЙЛБАР АВАХААР ДУУДСАН
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ очиж ажилласан.
Халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 44 хүний 24 нь хүүхэд бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 14 хүний 11 хүүхэд, гурав нь том хүн.
Хоёрдугаар сарын 18-ны өдөр KFC Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “Хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа. Манай байгууллагын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө” гэв.
ХОЁР АЖИЛТНААС ЦУСАН СУУЛГА ХАЛДВАРТ ӨВЧНИЙ НЯН ИЛЭРСЭН
Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ мэдээлэл хийхдээ “Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, тандалтаар дээрх өвчний клиник шинж тэмдэг, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх шинжилгээний дүнгээр цусан суулга халдварт өвчний нян илэрч, хоол хүнсээр дамжсан хоолны хордлогот халдварт болсон гэж дүгнэжээ.
Бид хоёр ажилтнаас илэрсэн нянгаас дахин нян тээгч байж уу, цочмог хэлбэрээр өвчилсөн өвчтөн байж уу гэдгийг шалгаж тогтооно.
Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажиллагсад зургаан сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. Шинж тэмдэг илрээгүй ч шулуун гэдэсний арчдаст нь цусан суулга халдварт өвчний нян илэрсэн. Цаашдаа нян тээгч үү, шинээр өвчилсөн үү гэдгийг тогтооно” хэмээн мэдээлсэн юм.
Э.БУРАМ