“Зааны ясны хатан хаан” гэх хочтой БНХАУ-ын иргэн 70 настай Ян Фен Гланд Танзани улсын шүүх 15 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр нийт 6,5 сая ам.долларын үнэ бүхий 860 ширхэг зааны соёог хууль бусаар худалдаалсан байна. Мөн тус улсын Амьтан хамгаалах тухай хуулийн дагуу хоёр жилийн ял нэмэгдэх бөгөөд энэхүү хоёр жилийн ялыг хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж төлбөл хөнгөлж болох аж. Одоогоор Ян Фен Глан давж заалдах гомдол гаргаад байгаа гэнэ.
Анх 1975 онд Танзани улсын хамгийн том хот болох Дар Эс Салаам хотыг Замби улстай холбох төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Хятадын компанид орчуулагчаар очиж байсан тэрбээр Хятад болон Танзани дахь өөрийн холбоотнуудаараа дамжуулан зааны ясны хууль бус наймааны нарийн сүлжээг бий болгосон байна. Түүнийг удаан хугацааны турш эрэн сурвалжилсны эцэст 2015 оны есдүгээр сард баривчилсан боловч хэргийн шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор өнөөдрийг хүрсэн байна.
Хятадын өдөр тутмын сонинд 2014 онд өгсөн ярилцлагадаа Танзани улсад хурдан дассан, Африк тив их таалагдаж байгаа, охиндоо Хятад хэлний “Африк” гэсэн утгатай нэр өгсөн тухайгаа ярьж байжээ. Дар Эс Салаам хотын төвд 1998 онд хувийн ресторанаа нээж байсан гэнэ. Түүний ресторанаар хотын баян чинээлэг иргэд, бизнес эрхлэгчид байнга үйлчлүүлдэг байсан нь зөвхөн хоол идэх биш хууль бус наймааны хэлэлцээ явагддаг газар байсан аж.
Танзани улсад 2009-2014 онд зааны тоо толгой 60 хувиар буурсан байна. Дэлхийн зааны ясны томоохон зах зээл болох Хятад улс зааны яс болон зааны ясан бүтээгдэхүүний худалдааг 2018 онд хориглосон билээ.
Эх сурвалж: CNN