Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчин болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж буй. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байгаа. Энэ талаар тус төвийн дархлаажуулалтын албаас тодруулахад “Менингококкт өвчний эсрэг вакциныг жилийн дөрвөн улиралд иргэд сайн дураараа хийлгэх боломжтой. Зөвхөн хаврын улиралд энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж вакцинжуулалт явагддаггүй. Одоогоор менингококкт өвчний эсрэг 1000 гаруй хүн вакцин хийлгээд байна” гэлээ.
Нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт энэ өвчнөөр 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг. Менингококктын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна.Энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлийг анхаараарай.
- Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
- Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
- Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
- Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
- Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
- Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх