Дэгийн хуулиар явах уу “Дэглэм”-ээр зохицуулагдах уу

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Дэгийн хуулиар явах уу “Дэглэм”-ээр зохицуулагдах уу

Дэгийн хуулиар явах уу “Дэглэм”-ээр зохицуулагдах уу

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг чуулганы завсарлагааны энэ үеэр Төрийн ордонд болж байгаа юм. УИХ-ын шинэ дарга УИХ-ынхаа “учрыг олох” гээд олныхоо үгийг сонсч гадны туршлага судалж сууна гэх үү дээ. Харин энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтын хэлсэн үг анхаарал татав. Үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай УИХ-аа бужигнуулж, олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, ордны бойкоттой тулгарч хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн УИХ, түүний гишүүд анх сонгогдсон тэр гишүүд биш юм шиг харагдах болсон. Эдүгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай л биш бол сонгогчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүх хэлбэрээр үздэг. Энэ үеэр нэгнээ хараах зүхэх, мал, адгуустай зүйрлэх, гэмт хэрэгт гүтгэн доромжлох зэрэг иргэний ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, элэглэж шоолох, ичиж бухимдахаас аргагүй байдалд хүрч байна. С.Бямбацогт гишүүний хэлдэг үнэн. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэднийг шүүмжилснийхээ төлөө зөрчлийн хуулиар торгуулж байхад сонгогчдын саналыг авч сонгогдоод татвар төлөгчдөөс цалинждаг УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалтад дулдуйдан хүссэн хүнээ гүтгэн доромжилдог, загнаж зандардаг боллоо. Хариуцлагаа өндөржүүлье, зардлаа хасъя гэсэн байна. Үүнийг л сонгогчид хүлээж байгаа билээ. УИХ-ын гишүүн бүр шахам ингэж ярьдаг боловч Тамгын газрын шилэн данснаас харахад зарцуулалтыг танах хүсэл байдаг уу гэдэгт эргэлздэг.

УИХ-ын гишүүн хэвлэл мэдээллийнхэнд байтугай Прокурорын байгууллагын өмнө үнэнээ хэлэх бус харин ч загнаж зандарч байгаад хэрэгт холбогдолтой эсэх нь тодорхойгүй үлддэг. Баримт нотолгоо нь хууль ёсных эсэх нь эргэлзээтэй байхад хүчин, зэвсгийн наймаанаас эхлээд ноцтой асуудлуудад холбогдуулж олон нийтийг сэртхийлгээд эцэс төгсгөлийг нь ч ололгүй хаячихдаг. Тухайн тэр цаг мөчид л дургүй хүргэсэн гишүүнээ үзэн ядуулж, жигжүүлж  “чадчихаж” байгаа хэрэг. Үүнийг үзсэн сонгогчдод УИХ хогийн тантан шиг харагдаж үлддэг.

Үндсэн хуульд УИХ-ын Төрийн эрх барих дээд байгууллага гэж үзэж байгаа л бол энэ байдлаа яаралтай засах шаардлагатай болоод байгаа юм. Хууль тогтоох байгууллагын ёс зүй, “ариун цэвэр”, “эрүүл мэнд” нь ийм байгаагаас нийгэмд учрах хор нөлөө нь үнэлж баршгүй, хошин шогийнхон, хүүхэд багачууд, ер хэн дуртай нь УИХ-ыг шоолж шоглож, урлаг гэхээсээ доромжлол руу явж байна. Угтаа УИХ бол төр. Төртэй ийм дорой, жигшүүрт харилцаа үүсгэх боломжийг олгосон буруутан нь өнөөх “Чи манай хүргэн, би хүргэнээсээ ичээд байна”, “УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргана” гэдэг гишүүд маань юм. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболдыг “хууль зохиож батлах” замаар огцруулсан тэр мөчөөс УИХ-ын гишүүдийн таръя гэдэг үг худлаа гэдэг нь нотлогдсон. Одоо УИХ өөрөө тарах тухай ярихаа больсон байгаа биз.

ОУПХ-нд Монголын нэр хүнд ямар байсныг ямар болгов. Өнөөдөр Солонгосын парламент, Бундестагийн хурлаас “туршлага судлах” нь зөв байж болох нь маргааш дэвших эрх зүйн орчноо нэг эргэж харах хэрэгтэй. Цахим сонголт, цахимаар үйлдэгдэх гэмт хэргийг ямар гишүүд дэмжиж байна, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай хэн ярих дуртай, эсвэл дургүй байв. Чуулганы нэгдсэн хуралдаан бүр дээр, үг хэлэх эрх  гишүүдэд бий. Гэхдээ  орон даяар шууд нэвтрүүлж байгааг ашиглан чуулганы нэгдсэн хуралдааны микрофоноор хэн нэгнийг доромжилж протоколд бичүүлчихээд хариуцлага хүлээхгүй байгааг нь сонгогчид мэдээд л байгаа. Үүнийгээ л цэгцэлчих. Бусдын саналын товчлуурыг дарж болохгүй гэх заалт яриад л дарж харагдаад байна. Харахад товчлуур дарах боловч цаагуураа төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхэд нь халдаад байгаа хэрэг. Үүнийгээ “захьсан юм” ч гэж тайлбарлаж байх шиг. Арай дэндүү дорой бүдүүлэг хандлага биш гэж үү.

УИХ-д олуулаа байгаа МАН-ынхан энэ байдлыг засах шаардлагатай. УИХ-ын шийдвэр МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр болчихоод байгааг хангалттай харлаа. Нарийндаа УИХ Дэгийн тухай хуулиасаа илүү намын удирдлагын тогтоосон “дэглэм”-ийн дагуу явах эрсдэлтэй, эмзэг нөхцөл байдалд хүрээд байна. Дэгийн тухай хууль, дэглэм хоёрын аль нь Ардчилсан парламентад үйлчлэх вэ?

Одоо УИХ-ын дарга маш бүдэг харагдаж байгааг ч өнөөдрийн хэлэлцүүлгээс харж болж байна. “Эвдсэн” УИХ-аа эвлүүлж авах их үүрэг хүлээсэн УИХ-ын даргын хувьд Дэгийн тухай хуульдаа яаралтай засвар хийж ажил хэрэг болгохгүй бол маш бага хугацаа их ажил хүлээж буйг ч сануулахад илүүдэхгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж