Парламентын ордныг Ханын материалд барья

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Парламентын ордныг Ханын материалд барья

Парламентын ордныг Ханын материалд барья

Эрх баригчид парламентын ордон барих газрын эрэлд гарцгааж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Их тэнгэрийг шинжиж эхэлсэн бол гишүүд Яармаг руу хараа бэлчээх болжээ.

Анх 2006 онд Кувейт улс Монгол Улсын Их хурлыг шинэ ордонтой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 12 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан ч газраа шийдэж чадахгүй цаг алдсанаас эцэстээ санхүүжилтийг нь Түлэнхийн төв барихад ашиглахаар шийдвэрлэсэн билээ. Харин саяхнаас энэ асуудал дахин сөхөгдсөнөөр 2019 онд багтаан ТЭЗҮ боловсруулагдах болж буй юм. Ингэхдээ ажилтан, албан хаагчдын орон сууцыг давхар  барихаар төлөвлөнө. Энэ тохиолдолд нэлээд том газар шаардлагатай болно гэсэн үг.

Гэхдээ парламентын ордныг барих газар нь эрх баригчдын нүдээ бэлчээгээд байгаа Яармаг, Их тэнгэрийн аль нь ч биш юм. Ханын материал илүү тохирно.

Анх нийслэлийн экс дарга Э.Бат-Үүл Улаанбаатарын агаарын бохирдол, автомашины түгжрэлийг шийдэх гарц нь хотын захиргааг Ханын материал руу нүүлгэх юм байна гэсэн шийдэл олж, судалгаа ч хийлгэн, энэ нь батлагдаж байв. Харамсалтай нь, дараагийнх нь ажил авсан дарга Яармаг болгож өөрчилсөн. Энэ нь С.Батболд дарга төрсөн нутаг Төв аймгаа Улаанбаатар хотын дагуул болгон хөгжүүлэх сонирхлоос нь илүү газрын эздийн наймааг тэтгэсэн шийдвэр болж хэрэгжсэн билээ.

Одоо эрх баригчдын алдаагаа засах боломж нь парламентын шинэ ордныг Ханын материалд барих. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатар хотын утааны гол бүсийн нэг. Энд парламентын шинэ ордон баригдвал ойр орчмынх нь гэр хороолол барилгажиж, Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол тэр чигтээ хөгжих бололцоо бүрдэнэ. Нэг ёсны Сонгинохайрхан дүүрэг хот болж, хөгжинө гэсэн үг. Үүнийг хотын захиргааг тус газар луу шилжүүлэн барих үеэр хийсэн судалгаа батлаад өгсөн.

Харин Яармаг, Их тэнгэр хоёрын аль нэгд парламентын ордныг бариад нийслэлийн энэ олон асуудлаас юуг нь шийдэх вэ. Юу ч шийдэхгүй. Их сайндаа парламентын гишүүд нь утаагүй, хөрсний бохирдолгүй л газар амьдарна биз. Харин нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа хөрс, агаарын бохирдол тулгамдсан асуудал хэвээр л үлдэнэ.

Уг нь улс орон хөгжье гэвэл хамгийн их асуудалтай байгаа газартаа анхаарал хандуулж, бодлого хэрэгжүүлж ажилладаг. Харин манай эрх баригчид асуудлаас зугтаадаг. Ямар аргатайдаа утаатай тэмцэх ёстой хотын дарга нь захиргааг агаар, хөрсний асуудалгүй Яармаг руу шилжүүлэх вэ дээ. Энэ шийдвэр л өөрөө асуудалтай тэмцэх зүрх зориггүй байгааг харуулсан. Ийм маягаар зөвхөн дарга нарын ая тухыг хангахыг илүүд үзсэн шийдвэр гарч хэрэгжээд байвал Монгол Улсын нийслэл дэлхийд хамгийн бохироороо л үлдэнэ.

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг өнөөдөр дэлхийн хамгийн гоё дүүрэг болж хөгжсөн нь тухайн үеийнх нь эрх баригчдынх нь хэрэгжүүлсэн шийдвэрийн үр дүн л байдаг.

Улаанбаатар хотын гэр хороолол шиг асуудал дагуулж байсан Ганнам дүүргийн газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авснаар улсдаа хамгийн хөгжсөн дүүрэг болж хувирсан. Энэ дүүрэг одоо дэлхийн хамгийн их хөрөнгө чинээтэй хүмүүс амьдардаг, жуулчид ирж очдог газар болж хувирсан.

Улаанбаатар хотын асуудлыг шийдье гэвэл хамгийн их тулгамдсан асуудалтай газраас л ажлыг эхлүүлэх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж