Эмнэлгийн багтаамжгүйгээс эмч нар хүртэл сүрьеэгээр өвдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн багтаамжгүйгээс эмч нар хүртэл сүрьеэгээр өвдөж байна

Чулуутын аманд сүрьеэгийн дөрвөн давхар эмнэлэг барихаар болсон

Эмнэлгийн багтаамжгүйгээс эмч нар хүртэл сүрьеэгээр өвдөж байна

Манай улсад сүрьеэ өвчнөөс болж жилд 250 гаруй хүн нас бардаг. Ихэнх нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оноштой. Нас барж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь эмч болон эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас үүдэж буйг мэргэжилтнүүд хэлж байлаа. Уг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Чулуутын аманд дөрвөн давхар “Сүрьеэгийн эмнэлэг” барихаар төлөвлөсөн. Тус эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Өнгөрсөн онд 237 сая төгрөгөөр барилгын зургийн тендер зарлаж, он гарахаас өмнө бэлэн болгосон аж.

“Барилгын хөгжлийн төвөөр зургийг нь магадлалаар оруулж байгаа. Зураг гарсан тохиолдолд тендер зарлана. Байгаль орчны тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл олгосон учраас геологийн судалгаа хийх ёстой. Үүний дараа газрын захирамж гарна” хэмээн ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл ярилаа.

Энэхүү эмнэлэг нь 120 ортой ба зөвхөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд зориулжээ. Жилд бүртгэгддэг 4000 орчим сүрьеэгийн тохиолдлын 300 орчим нь олон эмэнд тэсвэртэй гэж оношлогддог байна.

Өнгөрсөн жил 1400 орчим хүн сүрьеэгийн клиникт хэвтэн эмчлүүлжээ. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиник нь 200 ортой. Нэг өрөөнд 4-5 хүн хэвтэн эмчлүүлдэг аж. “Эмнэлгийн орны эргэлт удаан учраас олон эмэнд тэсвэртэй сүрьеэд зориулсан тусгай эмнэлэг байх зайлшгүй шаардлагатай” хэмээн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эм хариуцсан эмч Р.Дорждэрэм ярив.

Сүрьеэ өвчтэй хүмүүсийн зарим нь хэдхэн хоноод гардаг. Харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөн нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлдэг байна. Тухайн хүний биеийн байдал, хэр олон эрхтэн систем хамарсан, хэр удсан, хэдэн эмэнд тэсвэртэй зэргээс хамаарч эмчлэгдэх хугацаа нь өөр өөр байдаг аж. Тиймээс халдварлалын зэрэглэлээр нь ангилж хэвтүүлдэг. Тухайлбал, хамгийн бага халдвартай уушгины мэдрэг сүрьеэтэй өвчтөнийг нэг давхарт эмчилж байна. Яагаад гэвэл амьсгалын замаар халдварладаг учраас амьсгал доороос дээш чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвдсөн хэвтэн эмчлүүлэгчдийг хөнгөнөөс хүнд гэсэн байдлаар доороос нь дээш давхарт хэвтүүлдэг аж.

ХӨСҮТ нь нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна хэмээн мэргэжилтнүүд үздэг. Сүрьеэгийн тархалт нэмэгдэхэд орчин бас нөлөөлдөг байна. Сүрьеэтэй өвчтөн аль болох том талбайд байх ёстой. Гэтэл ХӨСҮТ-д нэг өрөөнд олон хүн эмчлүүлдэг. Гэтэл, нэг болон олон эмэнд тэсвэртэй, маш олон эмэнд тэсвэртэй өвчтөнүүд нэг давхарт хамт хэвтэж байна. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг болохоор ийм нөхцөлд эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээр нэг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ тусдаг байна. Тиймээс эдгээр хүмүүсийг тусгаарлах зайлшгүй хэрэгтэй аж. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүс шинээр баригдах эмнэлэг рүү явснаар ХӨСҮТ-ийн нөхцөл хамаагүй дээрдэнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөжээ

ХӨСҮТ-д стандарт ярихад хэцүү. Ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасаг хүнд нөхцөлд байдаг. Уг нь эмнэлгийн ажилтнууд өөрсдөө өвдөхгүйн тулд стандартын шаардлага хангасан байранд байх ёстой. Гэтэл сүүлийн үед сүрьеэгийн нянгаар халдварлагдсан агаараар амьсгалах магадлал ихсэж байгаа аж. 2017 оны судалгаанаас харахад ХӨСҮТ-д сүүлийн хэдхэн жилийн хугацаанд 17 орчим эмч, мэргэжилтэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвджээ. Мөн нэг хүн нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа нуулгүй хэлсэн юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор олон асуудал шийдэгдэнэ гэв. Тухайлбал, олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүсээ шинэ эмнэлэг рүү явуулснаар эмчилгээ хийлгэхгүй байгаа болон шинжилгээнд хамрагдахгүй байгаа хүмүүсийг илрүүлэх боломж бүрдэнэ. Мөн сүрьеэгийн клиникт ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна хэмээв.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж