Соробаны I зэргийн тамирчид хүссэн сургуульдаа элсэх эрхтэй

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Соробаны I зэргийн тамирчид хүссэн сургуульдаа элсэх эрхтэй

Соробаны I зэргийн тамирчид хүссэн сургуульдаа элсэх эрхтэй

Монголчууд оюуны спортод цойлсон амжилтаар дэлхийд гайхагдаж, тамирчдын нас улам залуужин, хүрээ нь тэлсээр байгаа билээ. Тэр дундаа соробан сампин, цээж тооллын төрөлд өөдөсхөн балчир хүүхдүүд маань олон улсын бүхий л шагналыг эзэмшдэг болсон. 5-12 насанд нь сургахгүй бол хожимддог баруун, зүүн тархи хөгжүүлдэг онцгой ач холбогдолтой соробан сампингаар гурван жил хичээллэж, дэлхийд Монголынхоо нэрийг хоёронтоо дуурсгасан, соробан сампингийн дэлхийн цомын эзэн Энхбатын Бат-Амгалан гэх есөн настай хүүтэй уулзлаа. Тэрбээр Лос-Анжелос хотноо болсон “Global cup abacus and mental mathematics championship” тэмцээнд хоёр жил дараалан оролцож, хоёр цомын эзэн болжээ. Мөн Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс соробан сампин болон ой тогтоолтын төрлөөр хоёр алтан медаль авсан юм. Түүнийг хөтөлж энэ сургалтад оруулсан, улмаар сургахын тулд ажлаасаа гарч, ач хүүгээ зөөсөн, хамгийн сайн дэмжигч Д.Алимаа эмээтэй нь ярилцлаа.

-Ач хүүгээ соробан сампинд явуулах шийдвэрийг хэзээ, хэрхэн гаргасан бэ?

-Миний ач хүү Э.Бат-Амгаланг дөрвөн настай, дүүг нь зургаахан сартай байхад ээж, аав нь Солонгост ажиллахаар явж, би энэ хоёроо авч үлдсэн юм. Ач хүү маань цэцэрлэгт байхын л урлаг спортод идэвхтэй байсан. Сургуульд орохоос нь өмнө оюуны спортоор хичээллүүлье гэж судалсаар Оюуны хөгжлийг дэмжих академид бүртгүүлсэн юм. Манай гэр Ханын материалд, харин хүүгийн сургалт 13 дугаар хороололд байдаг. Хотын нэг захаас нөгөө рүү нь хүүгээ автобусаар зөөсөөр өдий хүргэлээ.

үүгийнхээ ямар зан чанарт нь тулгуурлаж хичээллүүлэх болов?

-Хүүхдийг цэцэрлэгт байхаас нь ямар хүн болгож төлөвшүүлэх нь тодорхойлогддог. Миний хүүг Лхагвасүрэн гэж мундаг багш хүмүүжүүлсэн. Тэр хүн суурийг нь сайн тавьж өгсөн учраас дэлхийд тэргүүлэгч оюуны тамирчин болоход чухал нөлөө үзүүлсэн юм.

-Ой тогтоолтын сургалтын төлбөр хэд байдаг вэ?

-Сарын 150 мянган төгрөгийн төлбөртэй байсан. Жилийн төлбөр нь нэг сая 500 мянга. Хүү маань хичээллэж эхэлснээсээ жилийн дараа Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, алтан медаль авсан юм. Ингээд төлбөрийг нь 50 хувь хөнгөлж, 750 мянган төгрөгөөр одоо суралцдаг. Энэ төлбөрөөс гадна гадаадад тэмцээнд явахад бас их зардал гардаг. АНУ руу явахад нэг удаагийн зардал нь 7.5 сая төгрөг болсон. Одоо ирэх долдугаар сард Вьетнамд болох тэмцээнд бэлтгэж байна. Манай гэр бүл хүүгээ өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцуулах боломжгүй, жирийн л дундаж айл. Аав ээж нь мөнгө явуулдаг тулдаа л сургалтыг нь таслахгүй, гадаадад тэмцээнд явуулж байна. Гэхдээ бас бүх тэмцээнд оролцуулж чадахгүй өнжих үе бий.

-АНУ-д болсон тэмцээнд хэрхэн оролцсон талаар сонирхуулахгүй юу?

-Жил бүр соробан сампин, хурдан бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болдог. 2018 онд Э.Бат-Амгалан оролцож мөнгөн цом авсан. Энэ жил мөн энэ тэмцээндээ оролцож гаргасан амжилтаа давтлаа. Гран при шагналыг авсан хүүхдэд тус улсын хүссэн сургуульд суралцах эрх олгодог юм билээ. Энэ жил тэр цомыг авсан хүүхэд гараагүй. “Яагаад амжилтаа ахиулсангүй вэ” гэж би багш нараас нь асуухад орчин өөрчлөгдөхөд хүүхдийн анхаарал сарних нь их байдаг, мөн өнгөрсөн жил өгсөн бодлогоос нэг шат ахиулж даалгавар өгдөгтэй холбоотой гэж тайлбарласан. Японы Соробан сампингийн академаас тамирчин хүүхдүүдэд 10-1 дүгээр зэрэг олгодог. Миний хүү одоо тавдугаар зэргийг хангасан. Нэгдүгээр зэргийн тамирчин болохоороо дэлхийн аль ч улсад хүссэн сургуульдаа шууд элсэх эрхтэй болдог. Тиймээс бид хоёр тэргүүн зэргийн тамирчин болох зорилготой хичээллэж байгаа.

-Сампингаар хичээллэдэг хүүхэд жирийн сурагчаас ямар ялгаатай байдаг вэ?

-Ой тогтоолтоор хичээллэхээр хурдан цээжлэх чадвартай болдог юм байна. Тамирчныг нэгдүгээр ангид яваа хүүхэд ерөнхий боловсролын дөрөвдүгээр ангийн хүүхдийн чадварыг эзэмшсэн байдаг. Хүү маань таван настайдаа хүрд цээжилчихсэн, миний заасан 50 орос үгийг алдаагүй хэлдэг байсан. Одоо англи хэл үзэж эхэлж байна. Цээжлэх тогтоохдоо маш түргэн. Мөн сууж сурсан, анхаарал төвлөрөлт сайтай болохоор ямар ч хичээлээ ойлгож, даалгавар гүйцэтгэхдээ сайн байдаг.

-Ачаалал ихтэй юм. Ядардаг болов уу?

-Хичээлээ ойлгохгүй, мэдэхгүй бол хүүхэд ядардаг. Өөрөөр хэлбэл, сурах тусам ачаалал багасдаг. Оюуны хөгжлийн сургалт ойлгуулж, чадварыг нь эзэмшүүлдэг учраас ядарна гэж байхгүй, харин ч бүр дуртай болгодог юм билээ.

-Та ачийнхаа төлөө үнэхээр сайн “гүйдэг” юм байна?

-Өнөөдөр хүүхдийнхээ төлөө нэг ам.долларын хөрөнгө оруулахад ирээдүйд 15 ам.доллар болж шингэдэг. Би хүүгээ хичээл, сургалтад нь долоо хоног амралтгүй зөөдөг. Байнга хичээлээр дарахгүй гээд зундаа төв талбай, Зайсан хавиар салхилуулдаг.

-Эмээгийнхээ ачийг хариулах байх аа…?

-Хүү минь Америкаас хоёр эмээдээ витамин авчирч өгсөн. Дүүдээ хөөрхөн даашинз гэртээ гоёмсог цэцгэн бариултай аяга авчирсан. Энэ сонголтыг нь багш нар нь бүр гайхчихсан байсан. Хүүхэд гэхэд их хэрсүү шүү. Өөрөө л ирээдүйдээ оюунлаг, зөв боловсон хандлагатай хүн болж төлөвшвөл ачийг минь хариуллаа гэсэн үг шүү дээ. Мөн ганц миний гавъяа гэж юу байх вэ. Оюуны хөгжлийг дэмжих академийн захирал Т.Шүрэнцэцэг багшид маш их талархдаг. Мөн Гуравдугаар сургуулийн багш Л.Энхсүрэнд баярлаж явдаг юм. Ангийн багш нь туршлагатай, маш сайн багш. “Ангиараа ийм амжилттай, шилдэг сурагчидтай болмоор байна. Цаг гаргаад ангийнхандаа Э.Бат-Амгалангаар хичээл заалгая” гэдэг санал надад тавьж байсан.

-Хичээлийн бус цагаар заалгая гэж үү?

-Хэрэв хичээлийн хөтөлбөрт оруулвал манай улсад багшлах боловсон хүчин хангалттай гэж би боддог. Хүүгийн маань сургалтын төвийн багш нар л гэхэд өндөр түрээстэй байранд үйл ажиллагаа явуулдаг тул төлбөрийн тал хувь нь ашиглалтын зардалд явдаг гэсэн. Сургуулийн анги танхимыг ашиглан хүүхдүүдэд соробан сампин, түргэн бодолтын аргыг хямд төлбөрөөр заах боломжтой гэж бодогддог.

Э.Бат-Амгалан: ТЭМЦЭЭНИЙ ҮЕД САНДАРДАГГҮЙ, ХАРИН ДҮН ГАРАХААС ӨМНӨ ИХ ТҮГШДЭГ

Соробан сампин, хурдан бодолтын тавдугаар зэргийн тамирчин Э.Бат-Амгалан хүүтэй ийн ярилцлаа

-Соробан сампингаар хичээллэхэд ямар байна, шантарч байсан уу?

-Анх хичээллэхэд надад хүнд байсан. Гэхдээ би болиогүй, улам хичээх ёстой гэж бодоод шантраагүй.

-Тэмцээнд орохынхоо өмнө айдаг уу?

-Би тэмцээнд орохынхоо өмнө анхаарлаа сайн төвлөрүүлдэг. Бодлогоо сайн хараад, хурдан зөв бодох хэрэгтэй тул өөр зүйл боддоггүй. Харин тэмцээний дүн гарахын өмнө их сандардаг. Ямар хариу гарах бол, медаль авч чадах болов уу гэж түгшдэг. Бас гадаад руу тэмцээнд явахдаа гэрээ жаахан санадаг.

-Одоо хэдэн оронтой тоон дотор бодож байгаа вэ?

-Сургалтандаа саяын дотор боддог. Харин ангидаа мянгын дотор боддог.

-Тооноос гадна ямар хичээлд дуртай вэ?

-Би спортод дуртай. Бас ном унших дуртай. Ээжийнхээ явуулсан мөнгөөр ном авч уншдаг.

-Ангийнхныхаа хичээлд нь тусалдаг уу?

-Заримдаа хүүхдүүд тоогоо ойлгохгүй, буруу бодсон байвал би зааж өгдөг. Манай ангид тийм муу сурдаг хүүхэд байхгүй, заримдаа л алддаг. Хүүхдүүддээ сампингаар хичээллээрэй, сайн сураарай гэж хэлмээр байдаг. Ойлгохгүй юм гарвал багшаасаа сайн асуугаарай, шантарч болохгүй шүү.

-Цаашдаа ямар зорилго тавьсан бэ?

-Би соробан сампин, хурдан бодолт хоёулангаар нь сайн хичээллээд Гран при цомын эзэн болохыг зорьж байна. Том болоод гадаадад хүссэн сургуульдаа орохыг хүсдэг.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж