Ираны аюулгүй байдлын асуудал хариуцсан Дотоод хэргийн дэд сайд Али Абдоллахи уг дэлбэрэлтэнд тус улсын хамгийн хүчтэй зэвсэгт бүлэглэл Хувьсгалын хамгаалагчид байсан нь уг амиа золиослох дэлбэрэлттэй холбоотой бололтой гэж мэдэгдсэн байна. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 09.20 минутанд болсон бол дараагийн дэлбэрэлт түүнээс хэдхэн минутын дараа зөнч Мухаммедын ач хүүгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр цуглаад байсан сүсэгтнүүдийн дунд болсон байна. Тус дэлбэрэлтүүдэд 20 гаруй хүн амь үрэгдэж 100 гаруй хүн шархадсан байна гэж мэдээлж байна.
Дэлбэрэлтүүдийг хэн зохион байгуулсан талаар хариуцлага хүлээсэн мэдэгдэл одоогоор хийгдээгүй байгаа хэдий ч Систан-Балухистан нь Сунни угсаатай зэвсэгт босогчид болох Жундаллахын байрладаг нутаг бөгөөд тэд сүүлийн жилүүдэд олон хүний аминд хүрсэн халдлагуудыг зохион байгуулж байсан юм. 2009 онд тус бүлэглэл Захедан хотын москод бөмбөг дэлбэлж 120 хүний аминд хүрч байсан юм.
Жундаллах нь үндэстний цөөнхөд тооцогддог Сунни Балух угсаатны эрх ашгийг хамгаалж байгаа ба өөрсдийг нь Шийт угсаатны давамгайлсан Ираны засгийн газар мөшгөн хөөж байна гэж мэдэгддэг юм. Харин Тегеран Жундаллах нь тус улсын Пакистантай хиллэдэг зүүн өмнөд нутгийн газар нутгийг хууль бусаар түйвээж байна гэж үздэг. Зургаадугаар сард Иран тус бүлгийн удирдагч Абдулхамид Ригиг энгийн иргэдийг дээрэмдсэн, зэвсэгт дээрэм үйлдсэн, Ираны эсрэг худал мэдээлэл тараасан хэмээн яллаад Захедан хотод дүүжлэн хороосон. Түүний дүү 2008 онд Пакистанд баригдсаныхаа дараа Иранд хүргэгдсэн бөгөөд энэ оны тавдугаар сард мөн ялын дээд хэмжээ авсан.
Тус бүлэг зургаан жилийн өмнөөс хүн хулгайлах, бөмбөг дэлбэлэх зэрэг үйлдлүүдээрээ олон улсын анхааралд өртөөд байгаа. Иран мөн АНУ, Их Британи Иранийн засгийн газрын хүч нөлөөг сулруулахын тулд Жундаллахыг дэмжиж байна гэж буруутгадаг бөгөөд тус бүлгийг Аль Кайдатай холбоотой гэж мэдэгддэг ч үүнийг батлах баримт байдаггүй бөгөөд АНУ, Их Британи Ираны засгийн газрын мэдэгдлийг эсэргүүцдэг байна.
Т.Бадрах