Буудалд хүүхдээ орхиод зугатаажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Буудалд хүүхдээ орхиод зугатаажээ

Буудалд хүүхдээ орхиод зугатаажээ

“Би хөдөөнөөс ирсэн оюутан. Сургуулиа ч төгсөөгүй байж хүүхэдтэй болсон гэвэл хөдөө байгаа аав, ээж маань юу гэх юм бэ”. Арван сар тээсэн үрээ харанхуй орц, хогийн сав, айлын гэрийн үүдэнд орхиод явдаг эцэг, эхчүүдийн өөрийгөө өмөөрч хэлдэг ганц үг нь энэ. Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр хүүхдээ гудамж талбай, орцонд хаяж явсан хэрэг 2017 онд 17 бүртгэгдэж байжээ. Харин жилийн дараа буюу 2018 онд энэ тоо нэгээр нэмэгдэж 18 болсон байна.

Тэгвэл өнгөрөгч Даваа гаригт Баянгол дүүрэгт төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг буудлын өрөөнд хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод  зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад хандан мэдэгджээ.

Буудлын ажилтны хэлснээр 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан байна.  Харин удалгүй  “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад  эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн байна. Хуульд зааснаар буудлын өрөөнд хүүхдээ орхисон эхийг хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутан шалгах ажээ.

Одоогоос жилийн өмнө дөнгөж төрүүлсэн нярай үрээ хөнөөж, айлын хашаанд хаясан сэтгэл эмтэрмээр хэрэг гарч байлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт суугаа айлын хашаанаас 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн эхийг олоогүй ч эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай гэж дүгнэсэн байдаг.

Энэ мэтчилэн эцэг эхийн үүрэг хариуцлагаас зугтаж эх хүнд баймааргүй үйлдэл хийсэн эмэгтэйчүүдийн тоо олширсоор байгаа нь харамсалтай.

Хуульд зааснаар эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтаар ял эдэлж буй ээжүүдийн  тоо хуруу дарам цөөхөн. Тэдний ихэнх нь 1-2 жилийн ял авдаг гэх мэдээлэл бий.

Судалгаанаас харахад хүүхдээ хаясан эхчүүдийн дийлэнх нь бага наснаасаа гэр бүлийн хайр, энэрэл, зөв хүмүүжил авч чадаагүй эмэгтэйчүүд ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг юм байна. Тэд эцэггүй хүүхэд төрүүлж нийгэмд нүд үзүүрлэгдэж, хуруу чичлүүлэхээс айснаас энэ замыг түлхүү сонгодог аж. Тэгэхээр охид эмэгтэйчүүдийг хүүхэд байхаас нь зааж сургах, эмэгтэй хүн гэдэг онцлогийг нь тэдэнд сайтар ойлгуулах ёстойг сэтгэл судлаачид хэлж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж