Ханбогд сумыг мах бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл чиглэлд хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Ханбогд сумыг мах бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл чиглэлд хөгжүүлнэ

Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өчигдөр /2019.02.19/ Ханбогд сумын Бургастайн гол гэдэг газарт боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговь аймгийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй тав тухтай зорчих боломжтой болж байна. Оюутолгойн уурхайд Өмнөговь аймгийн 3000 орчим иргэд ажилладгаас 1600 нь Ханбогд сумын иргэд байдаг аж. Ханбогд – Оюутолгой – Ханбогд сум чиглэлд тогтмол 600 гаруй иргэд шороон замаар зорчдог байсан юм. Үүний улмаас орон нутагт тоосжилт ихэсч, байгаль орчин, мал болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Иймээс нутгийн иргэд өглөө бүр зорчдог замаа хатуу хучилттай болгох Оюутолгойн ажлыг дэмжсэн нь их түлхэц болсон гэдгийг Оюутолгойн удирдлагууд онцолж, нээлтийн ажиллагааны үеэр орон нутгийн иргэдэд талархлын бичиг гардуулан өгсөн юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн

Ханбогд-Оюутолгойг холбосон энэ зам өмнө нь шороон зам байсан. Шороон замаар иргэд болон хүнд даацын автомашин байнга зорчдог байсан тул тоосжилт ихэсч, байгаль орчин төдийгүй хүн, малын эрүүл мэндэд нөлөөлж эхэлсэн. Иймээс малчид бид Оюутолгойн энэ ажлыг дэмжиж, өнөөдөр зам хатуу хучилттай зам болсонд баяртай байна. Энэ ажлын хүрээнд бид малаа өөр газар бэлчээх, унаган ургамлыг шилжүүлэх зэрэг ажилд тусалсан. 

Ханбогд сумыг Оюутолгойтой холбосон замын барилгын ажил олон жил яригдаж, ийнхүү биеллээ оллоо. Энэ замаар ихэвчлэн Оюутолгойн уурхайд ажилладаг нутгийн иргэд зорчдог тул тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 46 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, үндэсний 26 компаниар ажлыг гүйцэтгүүлж, Монгол Улсад хүлээлгэн өглөө. Энэ зам орон нутгийн өмчлөлд байх юм.

Хишиг Арвин Индустриал ХХК-ийн дэд захирал М.Тулгат:  Оюутолгой компанийн зүгээс тавьсан аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллана гэдэг  бидний хувьд амаргүй байлаа. Гэсэн хэдий ч үндэсний компаниуд олон улсын стандартад нийцсэн замыг тавилаа. Бид дараагийн шатандаа гарч, ахиж дэвшсэн нь хамгийн гол үзүүлэлт гэж харж байна.

Оюутолгой ХХК-н Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгальмаа

Оюутолгой ХХК-н Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.БайгальмааЭнэ зам монгол замчдын гараар бүтсэнд баяртай байна. Монголчууд маань олон улсын стандартад нийцсэн замыг барьж чаддаг, хяналт тавьж чаддаг гэдгээ өнөөдөр харууллаа. Монгол Улсын хөгжилд зам барилгын компаниуд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа юм байна гэдгийн тод жишээ болж байна. Энэ замыг барихад трасс тавихаас эхлүүлээд орон нутгийн малчидтайгаа их зөвлөлдсөн. Малын гарам, нутгийн унаган ургамлын мэдээллийг цуглуулан, нүүлгэн байршуулах тал дээр түлхүү анхаарлаа. Газар хөндөж эхлэхээс өмнө нь ажлыг хийж гүйцэтгэсэн. 

-“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн цаашид бүтээн байгуулалтын ямар ажлыг төлөвлөж байна вэ?

Оюутолгой компани Өмнөговь аймгийн Ханбогд сумтай гэрээ байгуулан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г бий болгосон. Үүнийхээ хүрээнд өнөөдрийг хүртэл зөвхөн Ханбогд сум төдийгүй Монгол Улсын бүхий л аймаг, Улаанбаатар хотынхон энэ сангийн үр шимийг хүртэж байна. Сангийн Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан. Бид ирэх жил Даланзадгад хотноо Палеонтологийн музей барьж, ашиглалтад оруулна. Энэ бүтээн байгуулалд Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ихэд татна гэж бид харж байна. Мөн Мандалговь сумд 15 ортой эмнэлэг ашиглалтад оруулна. Үүний зэрэгцээ Ханбогд сумд үерийн далан барих ажлыг эхлүүлнэ. Суурин амьдрал хөгжихийн тулд иж бүрэн инженерийн дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Үүний нэг нь үерийн далан юм. 

  • Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35.1 км урт замын зорчих хэсгийн өргөн 8 м, хөвөөний өргөн 1.5 м, далангийн дундаж өндөр 1 метр ажээ.
  • Газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхдээ даланг 20 см-ээр үелэн 95 хувь хүртэл нягтаршуулсан. Хайрган дэд суурийг 98 хувийн нягт, 20 см зузаантайгаар хийсэн юм байна.
  • 49 байрлалд 817 м урт ус зайлуулах хоолой, хоёр байршилд нийт 160 м урт давуулах далан хийжээ.
  • Тус зам нь 20 см цементээр бэхжүүлсэн суурь, 4 см суурь асфальтбетон, 3 см өнгө асфальтбетон хучилттай.
  • Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км авто замын төслийн хүрээнд 64, 32 метрийн урттай хоёр гүүр байгуулсан. Гүүр тус бүр 16 м урттай 42 хүчитгэсэн дам нуруутай.
  • Зам барихдаа 6 төрөл зүйлийн нийт 10 мянга гаруй ховор ургамлыг нүүлгэн шилжүүлсэн.
  • 15 байршилд малын гарам гаргасан.
  • Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгаж, тоосжилтыг бууруулсан.
  • Замын ажлыг эхлүүлэхээс түрүүнд байгаль орчны нарийн шинжилгээ буюу археологи, палентологийнтусгайлсан нарийн шинжилгээ хийж баталгаажуулсан бөгөөд илэрсэн археологийн олдворуудыг аймгийн болон улсын холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгсөн.
Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес

Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал: Армандо Торрес: Өнөөдөр их сайхан үйл явдал тохиолдож байна. Ханбогд сум болон Өмнийн говийн бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Бид Говь нутгийн хөгжлийн төлөө нутгийн иргэдтэй нягт хамтран ажилласаар ирсэн. Мөн орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн удирдлагуудтай тогтмол хамтран ажилладаг. Тогтвортой хөгжил гэдэг зүйл бол бүс нутгийн эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үндэс суурь болох үндсэн болон нийгмийн дэд бүтцийн хөгжил юм. Энэ утгаараа энэхүү шинэ зам нь бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц болох бүтээн байгуулалт гэж хэлж болох юм. Өнгөрсөн жил бид бүгдийн хувьд үнэхээр сайхан жил болж өнгөрлөө. Бидний хувьд Ханбогд суманд Мал эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгснөөр нутгийн малчдад чухал дэмжлэг болоод зогсохгүй тус сумын мах бэлтгэл, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон гэж найдаж байна. Мөн өнгөрсөн жил Ханбогд суманд олон улсын хөтөлбөртэй дунд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг орон нутагт хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Ханбогд сум, Оюу толгойн уурхайг холбосон энэ замыг ашиглалтад оруулж байгаадаа миний бие маш их баяртай байна. Үнэхээр чухал тэмдэглэлт өдөр. Зам барих ажил ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч бид хамтдаа том ажлын ард амжилттай гарч чадлаа. Энэ нүсэр бүтээн байгуулалтыг бодит ажил хэрэг болгохын төлөө орон нутгийн иргэд, гэрээт компаниуд, тэдгээрийн ажилтнууд, манай компанийн ажилтнууд, удирдлагын баг сэтгэл зүтгэл, хөлс хүчээ шавхан ажилласан гэдгийг энд хэлье. Дэлхийн стандартад нийцсэн, нутгийн хөгжлийг улам дээш нь өргөх бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгч байгаадаа маш их баяртай байна.

-Нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх дараагийн ажил юу вэ?

-Энэ маш чухал асуудал. Дараагийн шатанд бид Засгийн газар болоод орон нутгийн засаг захиргаатай хамтарч Ханбогд болоод бүс нутгийн хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулан авч хэлэлцэх юм. Энэхүү мастер төлөвлөгөөний хүрээнд дараагийн шатанд тэргүүлэх зорилт юу байх вэ гэдгийг тодорхойлно. Өнөөдрийн байдлаар баттай хэлж чадах зүйл бол Ханбогд шиг ийм онцлогтой газар хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг бид түлхүү сонирхон судалж байна. Харин Оюутолгойтой хамтран ажилладаг ханган нийлүүлэгчдийн хувьд бид илүү Ханбогдын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Хэдийгээр харьцангуй эрт байгаа ч гэсэн ажил хэрэг болгохын тулд цаашаа ажиллана.

Энэ бол “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговь, тэр дундаа Ханбогд сумд хийж буй олон бүтээн байгуулалтын нэг юм.

ХАНБОГД СУМЫН СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛНО

Оюутолгой компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2019 оны нэгдүгээр сард Ханбогд сумд иж бүрэн тохижсон 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг хүлээлгэн өгсөн байна. Ханбогд сум нь өмнө нь улсын ганцхан сургуультай хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол ийнхүү улсын хоёр сургуультай болж, хүүхдүүд нь нэг ээлжээр хичээллэж, үдээс хойш хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг юм байна.

Оюутолгойн 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон тус сургууль дээр мэргэшсэн багш нар ажиллаж, Кембрижийн сургалттай болгох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Ханбогд хоёрдугаар сургууль нь гурван жилийн дараа гэхэд Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Тус сургуульд одоогоор 567 хүүхэд суралцаж байна. Анги дүүргэлт нь бага ангидаа 40 орчим хүүхэд, бусад ангиудад 20 хүүхэд суралцдаг гэнэ.

"Сургуулийн үйл ажиллагаа жигдрээд ирэхлээр сумаас явсан хүүхдүүд болон өөр сумын хүүхдүүд суралцах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлээд явж байгаа" гэдгийг сургуулийн захирал Б.Ариунболор онцоллоо. 

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ СУМ ДУНДЫН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ӨМНӨГОВЬД БАЙГУУЛАВ

Мөн “Оюу толгой” ХХК-ын хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн санхүүжилтээр /1,4 тэрбум төгрөг/ лаборатори бүхий сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан 2018 оны гуравдугаар сард ашиглалтад оруулжээ. 

Энэ лабораторид түшиглэн зүүн бүсийн сумдын малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг уул уурхай, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори нь малын өвчин, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх хүчин чадалтайн дээр зүүн бүсийн сумдын 772 мянган толгой малын эрүүл мэнд, 20 гаруй мянган иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад 1800 гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, аймгийн эдийн засгийн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт орох нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал нь малын гоц халдварт өвчин юм. Өмнөговь аймагт хэдийгээр малын гоц халдварт өвчин гардаггүй ч уул уурхайн хөгжихийн хэрээр тоосжилт нэмэгдэж, малын уушги бохирдож, улмаар нэг үхэр үхжээ. Энэ өвчин 2018 оноос эхлэн гарах болжээ. Иймээс Мал сүргийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх чиглэлд дээр төвийг байгуулжээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж