Япон эмч Рикагийн туршлага | News.MN

Япон эмч Рикагийн туршлага

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Япон эмч Рикагийн туршлага

Япон эмч Рикагийн туршлага

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт япон эмч Наноми Рика хөдөлгөөн засал мэргэжлээр ажилладаг. Тэрбээр ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан. Тус эмнэлэгт  одоогоор дөрвөн хөдөлмөр засалч ажиллаж, тэд  Нонами Рикагаас  өдөр бүр суралцаж, Японы туршлагыг авч үлдэхээр хичээж байна.  Нонами Рика Монголд ирэхээсээ өмнө Японы эмнэлэгт  хөдөлмөр засалчаар ажиллаж байснаас гадна гэрээр очиж өвчтнүүдэд хөдөлмөр заслын эмчилгээ хийдэг байжээ.

Тэрбээр хоёдугаар эмнэлэгт жилийн өмнө ирж ажиллаж байгаа бөгөөд  өдөрт 10 орчим хүнтэй ажиллаж, дасгал хөдөлгөөн заадаг аж. Японд харвалтын дараа нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай өвчтөнд 180, Монголд 10 хоног хэвтэн эмчлүүлдэг хугацааны ялгааг хараад анх их гайхсан гэдгээ хэлсэн юм. Японд тухайн өвчинг өөрөө хувцасаа өмсөж чаддаг болохоос эхлээд хоолоо хийж чадах хэмжээнд хүртэл нь эмчилж үүний дараа л эмнэлгээс гаргадаг аж.

ЯПОНД ХАРВАЛТЫН ДАРАА НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ӨВЧТӨНД 180, МОНГОЛД 10 ХОНОГ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛДЭГ

Энэ талаар Нонами Рика ярихдаа   “Монголд эмнэлгээс гарсан хүн тав хоног нөхөн сэргээх эмчилгээг эмнэлэгт ирж хийлгэдэг. Харин Японд гэрээр нь очиж үйлчилдэг. Энэ хамгийн том ялгаа. Эмнэлгээс гарсан хүмүүс байнгын зөөх хүнгүйгээс алдаг оног ирж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Хөдөлмөр засалчийн хувьд өвчтөнд хийх эмчилгээ олон. Гэтэл өвчтөн цөөн хоног хэвтдэг тул эмчилгээгээ бүрэн хийхэд хүндрэлтэй. Одоо бол Монголын эмчилгээний урсгалыг ойлгосон. Анх Монголд ирэхээсээ өмнө хөдөлмөр засалчийн мэргэжилтэн байддаггүй гэж сонч байсан учаас эмчилгээний хэрэглэхүүн ч дутмаг байх гэсэн ойлголттой ирсэн. Гэхдээ хөдөлмөр засалчаар ажиллаж, суралцаж байгаа мэргэжилтэн цөөнгүй байсан.Тэдний арга барилыг хараад энэ чиглэлийн эмчилгээ, засал багахан ч болтугай хөгжиж байгаа болохыг олж харсан” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт жилдээ  давхардсан тоогоор  9 мянган гаруй хүн хөдөлгөөн болон хөдөлмөр заслын эмчилгээ хийлгүүлдэг.  Хөдөлмөрийн болон биеийн чадвараа алдсан Япон иргэдийн хувьд өөрийн хичээл зүтгэл, эмчийн уйгагүй асаргаа, сувилгааны хүчинд хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээх бүрэн боломжтой аж.  Манайд хөдөлмөр засалч мэргэжил төдийлөн хөгжөөгүйгээс гадна  хүний нөөц дутмаг байна. Монгол Улсад хөдөлгөөн засалч мэргэжлээр 2011 онд анхны төгсөлт төгсөж өнгөрсөн онд зургаахан оюутан тус мэргэжлээр төгссөн нь хүний нөөц тун хангалтгүй болохыг харуулна. Тиймээс зарим эмнэлгүүд  гаднаас боловсон хүчин ажиллуулж тэдний туршлага, мэдлэгээс суралцаж байгаагийн жишээ Нонами Рика.

Түүнчлэн Японд сэргээн заслын эмч, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, протезын мэргэжилтэн хамтарч өвчтөнд багаараа тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Ингэхдээ өвчтөнд хамгийн багадаа 180 хоног хэвтүүлэн хөдөлмөр заслын эмчилгээ хийдэг байна. Эхлээд өвчтөнд идэвхтэй хөдөлгөөн зааж, ганцаар зогсох, бие даан явж сурахад нь тусалдаг бөгөөд үүнийг хөдөлгөөн засал буюу эхний шатны эмчилгээ гэнэ.Үүний дараа хөдөлмөр засах эмчилгээнд хамруулдаг талаар Нонами Рика ярьсан юм.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Г.БАЯСГАЛАН:

Манай эмнэлэг Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.  1999-2000 онд Японы буцалтгүй тусламжаар манай эмнэлэгт тухайн үедээ Монгол Улсад байхгүй тоног төхөөрөмж бэлэглэж байлаа. Одоо ч гэсэн энэ тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж байна” гэсэн юм. Манай эмнэлэгт ажиллаж байгаа Нонами Рика ЖАЙКА-гийн тав дахь сайн дурын ажилтан. Манайд сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын шатанд гаргах шаардлага бий болсоор байна.  Ард иргэдийн хувьд сэргээн засах эмчилгээг  массаж, шарлага хийлгэх мэтээр ойлгодог. Гэтэл  хүнийг эмчилж, сэргээн засах хүч нь тухайн хүнд өөрт нь л байдаг. Ялангуяа зүрхний шигдээс, мэс засал, харвалтын дараа алдагдсан үйл ажиллагааг нь сэргээхэд тухайн хүний өөрийнх нь оролцоо маш чухал.

Харвалтын дараа хөдөлгөөн засал хийснээр идэвхтэй хөдөлгөөн хийж  алхах, гишгэх зэрэг ерөнхий хөдөлгөөнөө сайжруулах дасгалууд хийж сургадаг. Хөдөлмөр буюу ахуйн заслаар тухайн хүнийг буцааж хөдөлмөр эрхлэх боломж  олгохын тулд гар хөлийг нь хөдөлгөх дасгал хийлгэдэг. Ялангуяа харвалтын дараа өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй болчихдог. Хоол унд идэх нь хүртэл хүндрэлтэй. Энэ чиглэлд сэргээн засах оношилгоо, эмчилгээнийхээ хандлагыг өөрчлөх зорилгоор Японы туршлагыг судалж мэдлэгийг нь сурч нутагшуулахад зорилгоор  Нонами Рикаг ажиллуулж байна. Нонами Рика  өвчтөнтэй яаж харьцах уу гэдгээс эхлээд  олон талаар манай мэргэжилтнүүдэд үлгэр дуурайлал болж ажиллаж байна.

ХӨДӨЛМӨР БУЮУ АХУЙН ЗАСЛААР ТУХАЙН ХҮНИЙГ БУЦААЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ  ОЛГОХЫН ТУЛД ГАР ХӨЛИЙГ НЬ ХӨДӨЛГӨХ ДАСГАЛ ХИЙЛГЭДЭГ

СЭРГЭЭН ЗАСАХ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ О.ЗОЛЗАЯА:

Цус харвалтын дараа үсээ самнаж, шүдээ, нүүрээ угааж чадахгүй байх зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Оюуны бэрхшээлээс гадна аав, ээж, гэр бүл, дотнын хүнээ танихгүй болох тохиолдол ч элбэг. Эдгээр өөрчлөлтийг арилган бие даахад нь сургахад  хөдөлмөр заслын эмчилгээ хийдэг. Манай улсад энэ чиглэлийн мэргэжилтэн тун ховор учраас ЖАЙКА-д хандан хоёр жилийн хугацаатайгаар мэргэжилтэн авчирч сургалт авч Японы туршлагаас суралцаж байна.

ЦУС ХАРВАЛТЫН ДАРАА ҮСЭЭ САМНАЖ, ШҮДЭЭ, НҮҮРЭЭ УГААЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЗЭРЭГ ОЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРДАГ

Биднийг сурвалжлагаар очих үед тус эмнэлгээр сүүлийн долоон жил тасралтгүй үйлчлүүлж буй иргэн С.Арсланбаатар  Нонами Рикагаар хөдөлмөр заслын дасгалууд заалгаж байлаа. Тэрбээр 2011 онд тархины цус харвалт оноштойгоор  ирж, баруун талынх нь гар, хөл саажсан хүндрэлтэй иржээ. С.Арсланбаатар гуай эмчилгээнийхээ талаар хэлэхдээ “Хөдөлгөөн заслын эмчилгээг хийлгэхээс өмнө гар, хөлөө хөдөлгөж чаддаггүй, ганцаар алхаж чадахгүй, хоолоо ч идэж чаддаггүй ирж байсан. Хөдөлгөөн заслын эмчилгээнд идэвхтэй явсны үр дүнд жил ирэх тусам үр дүн гарч байна. Сүүлийн нэг жил бие маань эрс сайжирсан. Япон охин надтай Монголоор ярьж,  маш олон дасгал зааж өгсөн. "Хөдөлгөөн бол хүний оршин тогтнох арга" гэдэг  үнэн үг болохыг ах нь  биеэрээ мэдэрсэн. Саажилтаас гарах ганцхан арга нь хөдөлгөөн засал  гэж бодож байна” гэсэн юм.

С.Арсланбаатар  гуай сүүлийн нэг жил зөвхөн хөдөлмөр заслын эмчилгээ хийлгэж байгаа аж. Хөдөлмөр заслын эмчилгээгээр гарын үйл ажиллагааг сайжруулах, аягаа угаах, ногоо арилгах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд нь чиглэсэн эмчилгээг хийдэг байна.

32 настай Наноми Рика  “Хөдөлмөр заслын эмчилгээг Монголд хөгжүүлэхэд тоног төхөөрөмжийн асуудал гэхээсээ  илүүтэй энэ ажлыг хийе гэсэн хүсэл, сэтгэлтэй хүн цөөхөн юм болов уу гэдэг нь анзаарагдсан. Тиймээс энэ ажлыг хийе гэсэн хүсэл, сонирхлыг төрүүлж, сайн бэлтгээсэй”  гэж хүссэн биднээс нуусангүй.

Бусдаас төрсөн энэ биеэрээ эрх чөлөөтэй амьдарч чадахгүй олон мянган иргэн бидний дунд бусдаас хараат амьдарч байна. Хүн хоолоо халбагадаж идэж чадахгүй, өөрөө явж бие засаж чадахаа байхаараа л эрүүл байхын жаргалыг мэдэрдэг гэдэг. Сүүлийн жилүүдэд харвалт, авто болон үйлдвэрлэлийн осол гэмтэл эрс өссөн. Үүний уршгаар олон хун  хөдөлмөрийн  болон биеийн чадвараа алдаж, бусдаар асруулахад хүрч байна. Эдгээр өвчтөнд алдагдсан чадвараа эргэн олоход нь тусалдаг мэргэжлийн хүмүүс нь хөдөлмөр засалчид юм.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-20 182.160.34.66

хамгийн зөв эмчилгээ. манай эм тариа зүү, бариаг шүтээд бдаг. үнэндээ хуучин амьдралд ойртуулдаг эмчилгээ н энэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж