Бэлгийн замын халдварт өвчний гаралт эрс нэмэгдэж, улаан тарианы үе эргэн ирлээ” гэсэн анхааруулгыг эмч нар өгч эхэллээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ мэдээллээр бэлгийн замаар дамжих халдварын зонхилох халдвар 2018 оны эхний долоон сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 666 өвчлөл буюу 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 38.7 хувийг тэмбүү, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Хамгийн харамсалтай нь, өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15-30 насныхан. Нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг.
Нэгэн судалгааны дүнгээс дурдахад Анагаахын шинжлэн ухааны их сургуулийн эм зүй, Био Анагаахын сургууль болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Их сургуулийн оюутнуудын дунд ХДХВ/ДОХ, Тэмбүү өвчний тархалтын тандалт судалгаа” хийсэн байна. 1500 оюутан хамруулсан тус судалгааны үр дүнд ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдол илрээгүй боловч 40 оюутнаас тэмбүүгийн халдвар илэрсэн байна. Тэдгээрийн 22 нь анх удаа энэхүү өвчнийхөө талаар мэдсэн бол 18 нь БЗДХ-ын хяналтад байдаг аж. Харин 9 оюутан халдвар тээгч гэдгээ мэддэг атлаа эмнэлгийн хяналтад ордоггүй, тэр талаараа төдийлөн анхаарал тавьдаггүй болох нь тогтоогджээ. Хэдийгээр судалгаанд хамрагдаж, тэмбүүгээр өвчилсөн гэдгээ мэдсэн оюутнуудыг бэлгийн хавьтагчтай нь хамтад нь эмнэлгийн хяналтад авсан ч хяналтад орохоос өмнө хичнээн хүнд халдварлуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байдаг гэнэ. Тиймээс хамгийн чухал нь нөхөн үржихүйн ойлголтоо сайжруулж, хосууд нэгэндээ үнэнч байж, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагдах нь чухал гэдгийг эмч нар хэлж байна.
ТЭМБҮҮ ӨВЧИН НЯЛХАСТ ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙНА
Тэмбүүг эмнэлгийнхэн ДОХ-ын "дүү" гэдэг. Гэхдээ энэ өвчин бэлгийн замаар буюу цусаар дамждаг ч бүрэн эдгэрдэг өвчин юм. Гэвч, тэмбүү туссанаа мэдээгүй явсан ээжүүдээс өвчтэй хүүхдүүд ч төрөх нь ихэсчээ.
Тухайлбал, 2014 онд 32 тохиолдол, 2016 онд төрлөхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс төрөлхийн тэмбүүгийн халдвартай 15 нярай амьдарч чадалгүй нас барсан байна. Тэгвэл өнгөрөгч 2018 онд нийт 45 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрснөөс 14 нярай амьгүй байжээ.
Тэмбүү зөвхөн бэлгийн замын халдвар, мөн зүү тариур, цус цусан бүтээгдэхүүнээр халдварладаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм замаар халдвар авсан ганц ч хүн байхгүй гэдгийг албаныхан баттай хэлж байна.
Бүртгэгдэж буй бэлгийн замын халдварт өвчний тохиолдлын тал хувийг 25-аас доош насны залуус эзэлж буй. Энэ нь монголын өсвөр үе, залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг хангалтгүй байгааг нотолж байна гэж Дэлхий эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, НҮБ-ын ДОХ-ын багийн ахлагч дүгнэсэн байна. Үүнийг боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд танагдсан дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийн цагтай холбон тайлбарлаж болох.
Тэмбүү аюулын харанга дэлдэж эхэллээ
Хичээлийн таван өдрийн нэг хоногт 40 минутыг эрүүл мэндийн хичээл орж байгаа нэртэй оромдоод өнгөрдөг сургууль, багш нар олон. Хойч үеэ хамгаалах, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын тулд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Засгийн газар шинэчлэлийн явцад гаргасан алдаагаа эргээд нэг харах хэрэгтэй болжээ. Энэ мэтээр зөвхөн тэмбүү өвчний талаар ярихад ийм байна. Аюулын харанга дэлдээд зогсохгүй үүдэнд ирээд хаалга балбаж байгаа энэхүү бодит аюулаас өөрийгөө, гэр бүлээ, үндэс угсаа болсон үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ.
Өнөөдөр л биш бол хэзээ вэ. Надад тохиолдоогүй, тэр тэмбүүтэй юм гэнэ лээ гэж ярьсаар суутал 2015 онд 19 хүн, 2016 оны эхний зургаан сарын байдлаар 11 хүн, 2017 онд 13 хүн тэмбүүгээр нас баржээ. Энэ тоо магадгүй өнөөдөр ч нэгээр нэмэгдэж болох. Эмтэй, эмчилгээтэй боловч эдгэрдэггүй, анагаах ухаантай ч аврагдаж чадахгүй өвчнөөр шаналж, насан туршдаа харамссаар, эцэст нь үхлийн үүд татахгүй байх боломж өдгөө эрүүл саруул яваа хүн бүрт бий.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ