Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

"Нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян" гэж нийслэлийн ярьдаг болсон. Хосгүй баян болохын тулд Зайсанд амьдрах хүсэл нийслэлчүүдийн олонхид бий. Улаанбаатарын агаарын бохирдол багатай учраас Зайсангийн орон сууцнууд ч үнэтэй бас тансаг.  Гэвч,  Зайсангийнханд ч асуудал байдаг бололтой. Монголын тэргүүн баячууд, улс төрийн томчуудын амьдардаг Зайсангийнхны "толгойны өвчин" сүүлийн үед дуулиан болоод байгаа KFC-ийн асуудалтай зэрэгцээд хөндөгдөж байна.

Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын оршин суугчид өдөр тутамдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ундны ус хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд хэллээ.  Зарим иргэд нь ундны усаа захиалж, хэрэглэдэг талаараа ярьсан юм. Зайсангийн орон сууцнууд бохирын нэгдсэн системд холбогдоогүйгээс гадна зарим орон сууцнууд нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэсэн мэдээллийг албаны хүн өгсөн бөгөөд гүний худгаас ундны усаа залгуулдаг гэнэ.

Баян хүн нэрэлхүү гэгчээр Зайсангийнханд тулгамдаж байгаа энэ асуудлаа оршин суугчид нь шийдэж чадахгүй өдий хүрч байна. Учир нь, Зайсангийн байруудыг цэвэр усны болон бохирын шугаманд холбоход хүндрэлтэй байдаг гэнэ.

Бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүйгээс СӨХ нь бохироо зөөдөг талаар ч зарим иргэд шүүмжиллээ. Агаарын сайханд нь шунаж Зайсанд байр авсан биш усны хомсдолтой байсан талаар нь нэрээ нууцалсан эх сурвалж ярив.

Л.Доржсүрэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  оршин суудаг. Тэдний орон сууц гүний худгаас усаа авдаг бөгөөд ундны усаа хэрэглэхдээ заавал цэвэршүүлэгч хэрэглэдэг гэнэ. Учир нь, гүний худгийн ус нь хатуулаг ихтэй, тиймээс цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэхгүй л бол болдоггүй талаар учирлалаа. Зайсан орчимд орон сууцанд амьдардаг зарим иргэдтэй уулзаж, амьдарч байгаа орон сууц нь яагаад цэвэр бохирын шугамд холбогдоогүй шалтгааныг тодруулахыг хүссэн юм. Нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн хэлж байгаагаар крантаас гарч байгаа усыг ундны усанд хэрэглэх боломжгүй байдаг гэв. Тиймээс тэд тусгай савтай усыг захиалж уудаг байна. “Манай хүүхдүүд Зайсан дахь “Энхжин” хотхонд амьдардаг. Хүүхдүүд маань ундны усандаа тусгай савтай цэвэр ус захиалж хэрэглэдэг. Харин гүний худгаас авдаг усаа хэрэглээндээ хэрэглэдэг.  Учиргүй ундны уснаас хордлого авсан тохиолдол гараагүй ч усны хатуулаг их байдаг. Тиймээс усаа хоол, хүнсэндээ хэрэглэхэд тохиромжгүй байдаг” гэж жар эргэм насны  эрэгтэй ярилаа.

УСНЫ НӨӨЦЛҮҮРИЙН САВАА АРИУТГАЖ, ЦЭВЭРЛЭХИЙГ ШААРДДАГ

Энэ бүсгүй “Сөүл рояал” хотхоны оршин суугч. Тэрбээр Зайсан орчмын орон сууцны ус нь их муу гардаг тухай хэлээд "Манайх ихэвчлэн цэвэршүүлэгч крантадаа залгаж, усаа хэрэглэдэг юм. Харин хатуулагтай усаараа хувцас хунараа угаах, цэвэрлэгээнд ашигладаг. Оршин суугчид орон сууцны СӨХ-д хурал хийх үеэр нь ундны усны нөөцлүүрийн саваа ариутгаж, цэвэрлэгээ сайн хийгээрэй гэсэн шаардлагыг тавьдаг л юм. Тэрнээс биш ундны уснаас хордсон тухай сонсогдоогүй шүү” гэлээ.

Усны үйлчилгээ зохицуулах зөвлөл 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах ундны усны эх үүсвэрийн гүний худгийн усыг нь шинжилж үзжээ. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж болон 20 гаруй хотхоны гүний худгийг шинжилсэн байна. Уг хяналт шалгалтаар гүний худгийн усанд усны чанарын шинжилгээ тогтмол хийгээгүй, оршин суугчдын ундны усны чанар ямар ч хяналтгүй, эрсдэлтэй түвшинд байна гэсэн дүгнэлтийг гаргасан аж.

Зайсан толгой орчмын хотхонууд болон аж ахуй нэгжүүд төвлөрсөн бус ундны усны эх үүсвэртэй. Хэсгийн усан хангамж нь төвлөрсөн усан хангамжийг бодвол тогтворшилтой, цэвэрлэгээ, ариутгал ихээр шаарддаг гэдгийг ч мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байгаа юм.

ЗАЙСАН ДАХЬ KFC САЛБАРЫН УСЫГ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Зайсан дахь KFC түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн 247 иргэн хордлого авсан талаарх мэдээлэл нийгэмд шуугиан тариад буй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Зайсан дахь KFC түргэн хоолны газрын ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их илэрчээ. Мөн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн талаар энэ сарын 18-нд мэдээлсэн. НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа тайлбарлахдаа “Зайсан орчмын хотхон, барилгууд ус ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээтэй байдаг.  Гүний худаг нь 100 орчим метрийн гүнээс гардаг.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид усны шинжилгээнд ундны усаа хамруулж, шаардлага хангасан дүгнэлт гарсан. Түүнээс хойш ундны ус ямар нэгэн байдлаар бохирдсон байх боломжтой. Чухам ундны ус ямар шалтгаанаас бохирдсоныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна” гэв.

Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарчээ. Нитритийн бохирдол гэдэг нь ус удаан хугацаанд бохирдоод, хадгалагдсаны улмаас үүсдэг химийн бодис аж. Хэсгийн усан хангамжтай хотхонууд стандартаараа нөөцлүүрийн саваа нян судлалын шинжилгээг улирал тутамд өгөх шаардлагатай аж. Тиймээс төвлөрсөн бус усны эх үүсвэртэй барилга байгууламжууд  ариутгал, цэвэрлэгээ гүний худагтаа байнга хийх ёстой гэнэ. Ийнхүү утаанаас зугатсан Зайсангийнханд усны асуудал том бэрхшээл болжээ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 1125 ГҮНИЙ ХУДАГ БИЙ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8000 орчим гүний худаг бий.  Эдгээр гүний худгийн 1125 нь зөвхөн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй байдаг аж.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнээс тодрууллаа. Тэрбээр  “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2013 онд анх гүний худгийн зөвшөөрлийг цэгцэлж, бүртгэлжүүлж эхэлсэн. Тухайн үед бүртгэл хийхэд нийслэлийн хэмжээнд 5330 орчим гүний худгийг бүртгэсэн байдаг. Тэрнээс хойш үлдсэн гүний худгуудыг бичиг баримтжуулж, шинээр нэмж бүртгүүлээд одоо 8000 орчим болоод байна. Ер нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой газарт гүний худгийн зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Мөн ус хангамжийн хамгаалалтын эх үүсвэрүүдээс гадна голын хамгаалалтын бүс зэрэг хэд хэдэн эх үүсвэрт гүний худаг өрөмдөхийг хориглодог. Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт орон сууцжуулах газар олголтуудыг хийсэн. Үүнээс үүдэн тухайн дэд бүтэцгүй газартаа усны хэрэглээгээ хангахын тулд гүний худгийг зайлшгүй гаргах болсон. Энэ хүсэлтээ Усны тухай хуулийн дагуу манай байгууллагад хандвал бид хүслийг нь судалж үзээд зөвшөөрөл олгодог юм. Гүний худгийн өрөмдөх зөвшөөрөлд заасан шаардлагын дагуу ус ашиглах гэрээ байгуулж, татварт усны төлбөрөө төлөх, худгийн усанд хими, бактериологийн шинжилгээ хийх зэрэг шаардлагыг хангах ёстой. Гүний худаг өрөмдөх зөвшөөрлийг олгохдоо 2011 оны НИТХ-ын долдугаар тогтоолоор батлагдсан тэмдэгтийн хураамжаар 152.500 төгрөгийг төлдөг. Цаашлаад гүний худгаа ашиглаад эхэлбэл Усны тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрөө төлдөг” гэв.

 

                                                                                                                                                                           Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж