"Урлаг хэт гажихаараа утгаа алддаг"

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

"Урлаг хэт гажихаараа утгаа алддаг"

Инээмсэглэл, уйтгар гуниг, хайр, харуусал. Хүний нүүрний үрчлээ болгон "үг хэлдэг".  Зураач Н.Насанбатын урлангаар зочлох үед ийм  бодол төрсөн юм. Төв зам дагуу харсан хоёр давхар улаан тоосгон байшингийн нэг давхарт байрлах урландаа сууж байхдаа тэрбээр цаг завсраар нь сошиалд идэвхтэй орж, түүхэн сэдэвт гэрэл зураг, баримтат мэдээллийг түүвэрлэх аж. Түүний уран бүтээлийн талаар ярилцсанаа хүргэе.


Таны бүтээлүүдэд ихэвчлэн түүхэн үйл явдлыг өнөөгийн нийгэмтэй харьцуулан дүрсэлсэн байдаг. Орчин үеийг өнгөрсөн цаг үе, түүхэн үйл явдалтай харьцуулахдаа голчлон залуухан эмэгтэйн хөргөөр төлөөлөн дүрсэлсэн шалтгаан нь юу вэ?

-Хүн түүхээ уншиж, түүхээсээ харж суралцаж байдаг. Түүхийн ховор нандин агшин гэрэл зургийн хальсанд бууж үлдсэнийг зургаар "амилуулах"-ыг би хүсдэг. Жишээ нь, XXI зууны үеийн эмэгтэй хүний хөргийн ард XX зууны нийгмийн эхэн үеийн монголчуудын амьдрал тод харагдаж байна. Ерөөсөө л нийгэм цаг үе хийгээд монголчуудын хувьсан өөрчлөлтийг харуулах утга санааг илэрхийлсэн. Урлагийн талаасаа бол XXI зууны үеийн фотог уран зурагт буулгаж байгаа тул фото арт чиглэлээр зурахад хамгийн тохиромжтой. Гэхдээ аливаа зүйлийн хэм хэмжээг гажуудуулж болохгүй. Урлаг хэт гажуудалд орохоор утгаа алдаж эхэлдэг. Энэ бол уран бүтээлч хүний нүдээр харсан миний л бодол.

-Бүтээлүүдийн гол дүр бодит хүн үү эсвэл таны төсөөлөл үү?

-Би хөрөг зургийн моделиудаа өөрөө сонгодог. Өөрөө фотог нь дарж, гэрэл зургаас уран зурагт буулгадаг. Өөрөөр хэлбэл, хөргийн эзэд энэ цаг үед амьдарч байгаа гэсэн үг. Харин түүхэн сэдэвт гэрэл зураг, үйл явдлыг бол цахим хэвлэл мэдээлэл, номоос авч, санаа авдаг. Гэхдээ мэдэээж, тэр чигт нь бүтээлдээ хуулна гэсэн үг биш.

-Ихэнх уран бүтээлчид орчин үеийн урлагийн чиг хандлага буюу contemporary art чиглэлээр дагнаж байх шиг. Таны хувьд   фото арт чиглэлдээ хөрөг зургаар дагнасан юм шиг ээ?

-Би хувьдаа дэлхийн чиг хандлага болсон contemporary art чиглэлд бага зэрэг шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ энэ чиглэлээр дагнасан дэлхийн нэртэй уран бүтээлчидтэй эн зэрэгцэхүйц уран бүтээлчид Монголд бий. Энэ чиг хандлагыг зарим уран бүтээлчид хэт гажуудуулах шиг санагддаг. Үзэгчдэд айдас төрүүлэх, үйл хөдлөлийн урлагаар сэтгэлзүйд шууд нөлөөлөх хандлагатай байх юм. Гэтэл урлаг бол хүнд гоо сайхныг түгээх үүрэгтэй. Үзэгч уран зургийг харахдаа ямарваа нэгэн хэмжээний догдлол, бишрэл, гайхширал, утга санааг нь ойлгох ухагдахуун, оюуны цангаа тайлах учиртай. Тиймээс биш айлгаж, эсвэл гаж сэтгэгдэл төрүүлж, буруу үлгэр дууриалал өгөхийг хэлэхгүй.  Миний хувьд хөрөг зургаараа тууштай дагнаж уран бүтээлээ туурвиад таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Хөрөг зурагтай найзалсан түүхээс яривал наймдугаар ангийн сурагч байх үеэс минь эхэлнэ. Энэ үеэс л би зураач болно гэж шийдсэн байсан.  Хүүхэд байхаасаа л хөрөг зураг сонирхож зурахыг оролдож уйгагүй хичээсээр л байна. Одоо ч бас би хөрөг зургийг төгс эзэмшлээ гэж хэлэхгүй. Хөрөг зургийг зурж сурна гэдэг бол асар их цаг хугацааг зарцуулдаг.  Энэ тухай би сурагчдадаа ч бас хэлдэг. Ингэхлээр зарим хүүхдүүд шантардаг. Хүүхдүүд зургийн дугуйланд суухдаа хөрөг зураг л хурдан зурж сурахыг тэмүүлээд байдаг нь маш том эндүүрэл юм.

Фото арт чиглэл  Монголд хэр их хөгжсөн бэ. Яагаад энэ чиглэлийг сонгож уран бүтээл туурвих болсныг тань сонирхмоор байна?

-Дэлхийд фото арт төрөл эрчээ авч, цар хүрээгээ тэлсэн. Энэ чиглэлээр Бразил, Герман, БНХАУ, Оросууд энэ төрөлд илүү хөгжсөн. Фото зураг шиг атлаа ажиглавал уран зургийн бичилт нь байдаг. Реалист мөртлөө маш чадвартай фото зураг шиг харагддаг нь маш сонирхол төрүүлсэн. Тиймээс би оролдоод үзье гэж шийдсэн. Монголд фото арт чиглэл хөгжөөд удаагүй, шинэ урсгал гэхэд болно.

-Нэг бүтээл шинээр “төрүүлэхэд” хэр их цаг хугацааг зарцуулж байна. Ялангуяа хөрөг бүтээхэд  олон жилийг зарцуулах  үе байдаг шүү дээ?

-Хөрөг зураг бол дүрслэх урлагийн салбарт хамгийн том орон зай юм. Тухайн хүний нүүрний хувирал, харц, түүнээс илэрхийлэх бодол, амьд мэт дүрслэхэд тухайн хүний нүүрний өнгө, гэрэл сүүдэрээс авхуулаад анатоми, бүтэц гээд асар нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. Тэр зүйлийг л суралцахын төлөө зураачид хөрөг зурагт цаг хугацааг их алддаг. Би нэг хөрөг бүтээхэд гурав хоног, дөрвөн сар, нэг жил тойрдог ч үе байна. Надад одоо ч гэсэн сэтгэлд минь нийцээгүй бүрэн төгс болоогүй хөрөг бий. Маршал Чойбалсангийн хөргийг би дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн. Одоо ч дуусаагүй байна. Сэтгэлд бүрэн нийцэж байж л хөрөг бүтнэ.  Хөрөг бүтээхэд хүн хүний царай төрх өөр дахин давтагдашгүй тул гурав, дөрвөн талын байрлалын хөргөөс харж, нийтлэг шинжийг харж байж, зурж эхэлдэг л дээ. Үүнээс өмнө  судалгаа хийх, эрэл хайгуулаас төрсөн шинэ санаагаа тав зургаан янзаар цаасан дээр буулгасны эцэст нэг скиз дээр тогтдог.  Ер нь хөрөг бүтээхэд цаг хугацаагаар хэмжигдэхгүй.

-Зарим зураг муухан номноос хавьгүй илүү өгүүлэмжтэй байдаг. Хараад л тухайн зургийг өгүүлэмжийг унших бүтээл хийхэд хэцүү юу?

– Аливаа уран бүтээл бүхэн “амьтай” байдаг. Үзэгчдэд гүн сэтгэгдэл төрөх, эсвэл дурсамж сэргээх, бодолд автуулж ямар нэгэн зүйл бодуулж байвал тэр бүтээл амьд болжээ л гэж хэлнэ. Зургийг амьдруулах эсэх нь тухайн уран бүтээлчийн ур чадвар, мэдрэмжээс шалтгаална. Бүтээлийн санааг барьж авсан үеэс, сэтгэлзүйтэй шууд холбоотой. Уран бүтээлдээ шумбаж орсон уу, чадан ядан бүтээснүү гэдэг нь зураачдад бол бийрнийх бичилтээс л харагддаг. Урлаг судлаач хүн тухайн зураг, хөрөг, бүтээлийг нэг хараад л уран бүтээлчийнх нь сэтгэлзүй мэддэг. Уран бүтээлчийн сэтгэлзүйн өнгө тухайн бүтээлд нь шууд буудаг учир нь зураг зурах үед хүний тархи байнга ачаалж байдагтай холбоотой. Тархи амарна гэсэн зүйл огт байхгүй.

-Хүүхэд бүр зурах дуртай. Тиймээс тэдний авъяасыг хөгжүүлэх нь чухал байх. Зургаар хоолоо олж идэхгүй ч гэлээ гарын үр дүйтэй байх нь хүүхдүүдэд хэрэгтэй байх, тийм үү?

-Би уран зургийн дугуйлан ажиллуулаад гурван жил болж байна. Нэг үеэ бодвол эцэг эхчүүд хүүхдүүддээ  их анхаарал хандуулдаг болсон харагддаг. Аль болох олон талын авьяасыг нь нээхээр дугуйлан секцэд хамруулахыг зорьж байна. Ялангуяа урлагийн төрөл балет, төгөлдөр хуур зэргийг их сонирхдог. Сүүлийн үед уран зургийн тухай эцэг эхчүүд сонирхож, ач холбогдлынх нь тухай мэддэг болсон. Хүүхэд бүр зурах дуртай. Уран зургийн дугуйланд хүүхэд сууснаараа төлөвшиж сурдаг. Хүний үгийг хянуур сонсч, зөв сууж сурахаас гадна аливаа зүйлд маш сайн төвлөрч чаддаг. Ийм учраас эцэг эх хүүхдээ уран зургийн дугуйланд явуулах дуртай болсон гэхэд хилсдэхгүй. Хуулбар зураг зурах явцад хүүхдүүд өнгө будгийг нийлүүлж, өнгө гаргах нь сонирхолтой байдаг учраас мэдрэмжтэй болдог.

Хүүхэд аливаа зүйлээс амархан уйддаг их хөдөлгөөнтэй. Хүүхдийг төвлөрүүлэхэд зураг их "тусалдаг" гэж сонссон юм байна?

– Хүүхэдтэй хамт зурж эхлэхэд хүүхэд зурсан зургаараа бахархаж эхэлдэг. Хүүхэд бол их гэгээлэг ертөнц. Тэдний ертөнцийг харж байгаа сэтгэлзүй их ариун гэгээлэг учраас сэтгэлгээгээ чөлөөтэй илэрхийлдэг. Үүнээс заримдаа уран бүтээлийн санаа сэдэл төрж байдаг. Гэхдээ тэр бол тэр хүний оюуны өмч байдаг. Тэр хүүхдийн зурсан зургаас хуулбарлаж болохгүй юм.

-Уран бүтээлч хэмээх алдрыг үзэгчид өгдөг үү. Эсвэл салбарын мэргэжилтнүүд өгдөг үү?

-Уран бүтээлч болно гэдэг бол хүн насаараа сурахыг хэлнэ. Бүхийл амьдралынхаа турш уран бүтээлээ туурвина. “Чи уран бүтээлч болсон уу” гэж өөрөө өөрөөсөө асуухад хариулт олддоггүй. Уран бүтээлч мөн биш эсэхийг үзэгчид л шүүж, дүгнэнэ. Энэ алдрыг үзэгчид л өгнө дөө.  Тийм болохоор өөрөө өөртөө уран бүтээлч болсон гэх дүгнэлт өгөх ёсгүй. Нэг, хоёр удаа үзэсгэлэн гаргасныг  өөрийгөө уран бүтээлч боллоо  гэж огт бодож болохгүй. Ер нь уран бүтээлд хязгаар гэж үгүй. Хүний тархи ажиллаж л байвал шинэ уран бүтээлийн санаа цаг ямагт ундарч байдаг.

– Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж