Ким-Трампын уулзалтын өмнө

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Ким-Трампын уулзалтын өмнө

Ким-Трампын уулзалтын өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хоёр дахь удаагийн уулзалт энэ хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо товлогдсон. Уулзалт хэрхэн болох талаар хоёр улсын албаныхан ихэд нууцалж байгаа бол олон улсын хэвлэлүүд таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ханойд галт тэргээр явж очихоор төлөвлөж магадгүй гэнэ. Учир нь Хятадаар дамжин Ханойд хүрэх боломжтой төмөр замын буудалд Хойд Солонгосын төлөөлөгчид харагдсан байна. Вьетнамын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын төлөөлөгчид Хятадтай хил залгаа Лан Сон хотоос Ханой руу автомашинаар явж ирсэн гэнэ. Үүнээс гадна Хойд Солонгосын төлөөлөгчид Хятад, Вьетнамын хилд зочилж, зам болон тухайн газрын нөхцөл байдалтай танилцсан гэж Японы Асахи телевизэд мэдээлжээ. Вьетнамын Лан Сон хотод нисэх онгоц газардах нисэх буудал байхгүй учир Хойд Солонгосын төлөөлөгчид галт тэрэг эвсэл автозамаар зорчихоос өөр аргагүй зэргээс үндэслэн дээрх дүгнэлтийг хийжээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ханой руу шууд нисэх төлөвлөгөөтэй байсан бол төлөөлөгчдөө тийш илгээхгүй байсан биз. Хэрэв Хойд Солонгосын нийслэлээс Бээжин, Лан Соноор дамжин Ханойд галт тэргээр явж очно гэж тооцвол ойролцоогоор 4000 км замыг туулах аж. Зорчигч тээврийн галт тэрэгний хурдаар тооцвол энэ зайг 60 цагт туулах гэнэ. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэлүүд галт тэргээр Пеньянаас Ханой хүртэл явах хол зам нь аюулгүй байдал зэрэг олон асуудлыг дагуулна гэж бичжээ. Тухайлбал, Ким Жон Уны галт тэрэг Хятадын төмөр замыг ашиглахаар бол тус улсын хурдны галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулахад хүргэх аж. Тиймээс Ким Жон Ун өмнөх шигээ Бээжин рүү хуягт галт тэргээрээ хүрээд Ханой руу нисэх нь илүү магадлалтай хувилбар гэнэ. АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн анхны түүхэн уулзалт өнгөрсөн 2018 оны зургадугаар сард Сингапурт болсон. Тухайн үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадаас нисэх онгоц түрээслэн уулзалтад очсон байв. Бээжин хүртэл тэрбээр хуягт галт тэргээрээ өндөр хамгаалалт дор явж очжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ханойд Дональд Трамптай уулзахаар болсноор Вьетнамд анх удаа айлчлах юм. Өмнө нь түүний өвөө Ким Ил Сун 1964 онд Вьетнамд айлчилж байжээ. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл Ханойд хэдийн эхэлсэн ба мотоциклтой цагдаа нар гудамж, талбайгаар эргүүлд гарах болжээ. Уулзалтыг сурвалжлахаар олон улсын хэдэн мянган сэтгүүлч, төлөөлөгчид ирэх тул аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад Вьетнам улс анхаарч байна. Түүнчлэн Ханойн засгийн газрын ордны зочид хүлээн авах барилгын гадна болон “Metropole” зочид буудлын гадна АНУ болон Хойд Солонгосын төрийн далбааг өлгөжээ. Одоогоор уулзалт болох газрыг зарлаагүй боловч Хойд Солонгосын талаас Вьетнамын үндэсний хурлын төвд зохиохоос татгалзжээ. АНУ-ын асуудлыг хариуцсан Хойд Солонгосын тусгай төлөөлөгч  Ким Хён Чол Ханойд энэ долоо хоногийн сүүлээр ирж АНУ-ын Стивен Биегантай уулзахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж