Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа ч танхим хоосон шахуу, 20 шахам гишүүн л хууль хэлэлцэж сууна. Эрх баригч хүчин болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараг тэр чигээрээ байхгүй, УИХ-ын гишүүн С.Одонтуяа бүлгийн гишүүдээ орлоод ганцаараа шахам сууж байна. Компанийн ажилчин цагаасаа хоцорвол торгуулдаг. Гэтэл гишүүд хэдэн ч цагаар ажлаа тасалсан хариуцлага тооцох боломжгүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлнэ гэж Ж.Батзандан нар хэлж байсан. Хүндэтгэх шалтгаангүйгээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хоцорч ирсэн гишүүнийг 1 минут тутамд 100 мянган төгрөгөөр торгох заалт оруулсан тухай мэдэгдсэн. Уг хуулиа шалавхан өргөн мэдүүлж, батлуулахгүй бол энэ ч арай дэндэх янзтай.

Хаврын чуулган нээлтээ хийгээд хэд хонож буй билээ. Дээр нь чуулганы хуралдааны анхны өдөр ийм л ирцийг гишүүд үзүүлж байна даа. Ийм байдалтай хаврын чуулганыг элээвэл Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд яаж батлагдах билээ. Арай л дэндүү юм.

Хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татдаг болох юмсан.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж