Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад энэ сарын 14-16-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан, албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзах юм байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.
С.СҮРЭН