Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо | News.MN

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2019.02.19) Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол удирдав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдснаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, худалдан авах ажиллагаанд ил тод нээлтттэй, авлига, ашиг сонирхлоос ангид шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар дамжуулан хувийн хэвшил түүний дотор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын асуудал үе үеийн Засгийн газар, парламентын худалдан авах ажиллагааны бодлогын цөм байсаар ирсэн гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цаг алдалгүй батлан гаргах нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, урьдчилсан худалдан авалтыг нэвтрүүлэх, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг гол болгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Төслийг илүү боловсронгуй болгох, тулгамдаж байгаа асуудлуудад хариу өгөх, зөрчил хийдэлгүй амьдралд нийцсэн сайн хуулийг батлан гаргахад хэлэлцүүлэгт оролцогчдын санал зөвлөмж, идэвхтэй оролцоо ихээхэн чухал болохыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нээлтийн үеэр хэлж байв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын аж үйлдвэрийн зөвлөлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол төсөлд тусгах ажлын хэсгийн саналуудыг танилцуулсан юм.

Д.ОЮУНХОРОЛ: ТЕНДЕРТ ШАЛГАРСАН БОЛОВЧ ЧАНАРГҮЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭДЭГ КОМПАНИУДЫГ НИЙТЭД ЗАРЛАНА

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-нд УИХ-аар хэлэлцэн, дэмжсэнээр хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдсан байна. Засгийн газрын төслийг үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул Засгийн газрын төслийн  зүйл заалтыг суурь болгон, нэгтгэсэн төсөлд хэвээр хадгалах зарчмыг ажлын хэсэг баримталжээ.

Одоо мөрдөгдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээ нь шаардлага хангасан материалуудыг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь “харьцуулалтын хамгийн бага үнэ” гэсэн байдлаар төслийн 27.3 дахь заалтыг найруулах шаардлага байгаа гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан төдийгүй Үндсэн хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул барьцаа төлбөр авах заалтыг хасах саналыг гаргажээ.

Мөн худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцуулгын үеэр дурдаж байсан. Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх саналыг ажлын хэсэг гаргаад байгаа гэв. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах шаардлага бий хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОЖ ҮРГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт илтгэл танилцуулав. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна.

Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн болохыг С.Наранцогт дарга дурдав.

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ.

Тэрбээр уг хуулийн төсөлд шинээр тусгагдсан цахим систем болон ногоон худалдан авах ажиллагааны талаар онцолж байлаа.

Цахим тендерийг хөгжүүлэх зорилгоор төсөлд шинэ зохицуулалтыг нэмэх шаардлага үүссэн гэв. Төслийн  5.1.25-д “Худалдан авах ажиллагааны цахим систем” гэж цахим програм хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог.

5.1.26. “Цахим худалдан авах ажиллагаа” гэж цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан зохион байгуулах худалдан авах ажиллагааг.

5.1.27. “Цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан худалдан авах ажиллагааны цахим системийн бүрэлдэхүүн хэсгийг гэж тус тус заахаар тусгажээ.

Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгох нь цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой гэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтыг 100 хувь цахим болгох зорилтыг хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэж байлаа. Мөн ерөнхий гэрээний хэрэгжилтийг бүрэн хангах зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан талаар илтгэлд дурдсан юм.

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмж тусгасан. “Ногоон худалдан авах ажиллагаа” гэж эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг шинээр хуульчлахаар төсөлд тусгасан байна.

ГАДААДЫН ЗЭЭЛЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НИЙЛҮҮЛДЭГ СӨРӨГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

Үргэлжлүүлэн Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг “Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдэл” сэдэвт илтгэл танилцууллаа. Тэрбээр одоо мөрдөгдөж буй хуулийн үзэл баримтлалын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар дурдаад, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжиж буй болон өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй төсөл дэх заалтуудыг нэгбүрчлэн танилцуулсан.

Төслийн 20.4.1-т “Тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1 хүртэл хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичгийн бичигт тусгах”  гэсний “1-2 хувиар” гэж байгааг өөрчлөх, гадаадын зээлээр өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлдэг сөрөг асуудлыг шийдвэрлэх, тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын хариуцлага тооцох заалтуудыг өөрчлөх зохицуулалтыг тусгах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой танилцуулга, илтгэлүүдийг оролцогчдод танилцуулсны дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хувийн хэвшлийн төлөөллүүд сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг энэ хуулийн төслийн зохицуулалтаар таслан зогсоох шаардлагатай талаар санал хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогч талуудын гаргасан санал, төсөлтэй холбоотой шүүмжүүд нь эрх зүйн болон практик тулгамдсан олон асуудлын гарц шийдэл байсныг дурдаад, уг хуулийн төслийг сайжруулах, худалдан авах ажиллагааны чиглэлээр Засгийн газар, УИХ-ын цаашдын бодлого, шийдвэрт тусгалаа олно гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж