NEWS агентлаг долоо хоног бүрийн Лхагва гаригт VS буланг хүргэдэг билээ. МАН-ын Хяналтын хороо хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаасаа хасах шийдвэр гаргасан. С.Мөнхчулууны хувьд намын дүрэм зөрчсөн, тэр дундаа намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж, өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлсэн гэж намаас хассан. Тэрбээр, НИТХ-ын хуралдаанд өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлээд олонхын санал авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг томилохоос татгалзсан юм. Тиймээс одоо дараагийн Хотын дарга хэн болох вэ гэдэг марафон МАН дотор өрнөж буй. С.Мөнхчулууны хувьд дахин Хотын даргад өрсөлдөх боломжтой эсэх талаар VS буландаа эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.
Д.Батбаатар:
МАН-ын Хяналтын хорооны дарга
-МАН-ын 28-р их хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгэмд шударга ёсыг тогтооход онцгой анхаарна гэдгээ зарласан. Энэ ажлыг намын гишүүдээсээ шаардлага тавьж ажлаа эхлүүлнэ гэж хэлж байсан. 2016 оноос МАН-ын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийн мэдээллийн сүлжээгээр 60 тэрбумын гэх асуудалд эцэслэн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны зургадугаар сард болсон Хяналтын ажилтны зөвлөгөөн дээр яригдсан. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол сунжрах төлөвтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Тиймээс 2018 оны наймдугаар сард тодорхой шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ тогтоолоор 60 тэрбумын гэх асуудалд намын нэр хүндийг холбогдуулсан явдал нь МАН-ын дүрмийг зөрчиж, Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тодорхой дүрмийн заалтаас болж хариуцлага тооцох нь учир дутагдалтай байсан учраас МАН-ын Бага хурлаас намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн. Тиймээс зарим гишүүдтэй хариуцлага тооцсон. МАН-ын дүрмүүдийг зөрчсөн учраас С.Мөнхчулууныг намаас гарсанд тооцсон. Тэрбээр, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Тиймээс МАН-ын дүрмийн 4.3, 23.1.8 дахь заалтуудад намын гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд ямар нэг улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасны дагуу Хотын даргад нэр дэвших боломжгүй.
С.Мөнхчулуун:
НИТХ-ын төлөөлөгч
-МАН-ын Хяналтын хорооноос гаргасан өчигдрийн шийдвэр шударга байсангүй, гишүүдээ ялгаварлалаа. Хуулиараа олгогдсон бүрэн эрхийн дагуу би хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм билээ. Дээрээсээ дэмжлэггүй хүмүүсийг ингэж хавчиж болохгүй. Намын удирдлагад энэ талаар өргөдөл гаргана. Улаанбаатар хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хувьд дахин хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. Над руу төлөөлөгчид маань ярьж байна. Ингэж хавчиж гадуурхаж байгаа бол бид тэмцэнэ ээ, намаасаа гарахад бэлэн. Шударга үнэний төлөө явна гэж ярьж байна. Ялагдсан нэр дэвшигч С.Амарсайхан өрсөлдөнө гээд явж байхад ялсан учраас би Хотын даргад өрсөлдөнө.
Ш.ЧИМЭГ