Ой модны 80 хувийг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Ой модны 80 хувийг цэвэрлэнэ

Монгол орон ой модны нөөцөөр баялаг орны тоонд ордоггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх болсны дээр хортон, хөнөөлт шавьжны улмаас их хэмжээний ой мод сүйдэж байгаа. Тиймээс энэ жилийн хувьд ой модны хортон шавьжтай тэмцэх ажлыг өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын явц ямар байгаа талаар бид Ойн газрын ойн нөөц, ой хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Б.Ганзоригоос тодрууллаа.

-Ойн хортон шавьжтай тэмцэх ажил ямар шатандаа яваа вэ. Хортон шавьжтай тэмцэх ажилд жил бүр төсвийн хөрөнгө зарцуулдаг. Үүний оронд дахин сэргэхээргүйгээр устгаж болдоггүй юм уу?

-Улсын хэмжээнд нийт 500 мянган га талбайд ойн хортон шавьж тархсан байдаг. Үүний 320 мянган га-д нь шавьжтай тэмцэх ажлыг өрнүүлэх шаардлагатай гэсэн судалгааг манай мэргэжилтнүүд гаргасан байдаг. Энэ жилийн хувьд нийт талбайн 80 хувь буюу 298 мянган га талбайд хортон шавьтай тэмцэх ажлыг хийхээр төлөвлсөн. Одоогийн байдлаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Ойн хортон шавьжийг устгана гэсэн ойлголт байж болохгүй. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахуйц хэмжээнд барих, илүүдсэн хэсэгтэй нь тэмцэх, тодорхой хэмжээнд хязгаарлах  ажлыг хийхээс устгаж үгүй болгож болохгүй.

-Хөнөөлт шавьжтай тэмцэх ажил аймгуудад харилцан адилгүй байна гэлээ. Аль аймаг хамгийн сайн гүйцэтэглтэй байгаа вэ?

-Одоогийн байдлаар Булган, Орхон, Сэлэнгэ, Завхан аймагт ойн шавьжтай тэмцэх ажил бүрэн дууссан. Архангай, Өвөрхангай, Увс аймгийн хувьд газраар хийх ажил дууссан. Одоо онгоцоор хор цацах ажил үлдээд байна. Мөн Төв зэрэг цөөн хэдэн аймагт шавьжныхаа хөгжлөөс шалтгаалан ажлаа хараахан эхлээгүй байгаа.

-Манай улсад хөнөөлт шавьж хэр түгээмэл байна вэ. Хичнээн төрлийн хортон байдаг вэ?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хортон шавьжны улмаас 50 мянган га ой мод дахин сэргэхээргүй болсон нь бага тоо биш. Улсын хэмжээгээр Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, Яковсоны хүр эрвээхэй, эгэл дээгэн сүүлт гэсэн дөрвөн төрлийн хортон түгээмэл байдаг.

-Хортон идсэнээс дахин сэргэхээргүй болсон мод нийслэлийн ойр орчимд ч их байх юм. Холоос ягаарч, цэнхэртээд байгаа модыг түлээ түлшинд хэрэглээд эрүүл мод тарьж болдоггүй юм уу?

-Хортон идсэн модыг ашиглах асуудлыг аймаг орон нутгийнхан хариуцдаг. Ер нь бол ашиглаж, сэргээж болно.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж