БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.02.19/ нийслэлийн удирдлагуудтай Хангарьд ордонд уулзаж, ярилцлаа. Энэ үеэр боловсролын салбарын анхаарал татаж буй асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Ерөнхий боловсролын сургуулийн Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал гаргасан. Цөм хөтөлбөрт хэрхэн өөрчлөлт хийх вэ, ажлын хэсэг байгуулсан уу?
-Ерөнхий боловсролын сургуулийн Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулна. Одоогоор салбар яаман дээр ажлын хэсэг төлөвлөгөө боловсруулж байна. Яг энэ сургалтын агуулга, чанарыг сайн мэдэж буй мэргэжилтнүүдийн дунд тодорхой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш нар болон сургалтын менежерүүд оролцож, хөтөлбөрийн агуулгын давхцал нь юу байна, ямар ачаалал байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Ингэснээр сурагчдын ачааллыг багасгах юм.
Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр зургаан настай хүүхдүүдэд танхимын сургалт маш бага хугацааг эзэлж, танин мэдэхүйн хичээл нь дийлэнх цагийг эзэлдэг юм билээ. Тиймээс зургаан настай хүүхдэд монгол хүн болон төлөвших хичээлүүд болон өөрийг нь хөгжүүлэх сургалтыг явуулах хэрэгтэй. Манай улсад бага ангийн сурагчдын ачаалал их байдаг. Үүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
-Сурагчдын ачааллыг багасгахын тулд Цөм хөтөлбөрийг бүхлээр нь өөрчлөх үү?
-Би Цөм хөтөлбөрийг бүхлээр нь өөрчлөх асуудал яриагүй. Ерөнхийдөө Цөм хөтөлбөрийн агуулгын давхцлыг арилгаж, эргэж харахаас өөр арга байхгүй. Хөтөлбөрийн чанарыг сайжруулж, сурагчдад олон цагт давхцсан агуулгаар бус бага цагт чанартай сургалт явуулах өөрчлөлтүүдийг хийнэ.
-Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх ажил юу болж байна вэ?
– Нийт хэдэн оюутан, хэчнээн хичээлийн байр барих, хэдэн номын сан, спорт цогцолбор барих талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг салбар яам дээр ажиллаж байна. Цаашдаа нийслэл хотын төвлөрөлийг багасгах зорилгоор тодорхой хэмжээний их, дээд сургуулиудыг нэг дор байгуулах судалгаа гарсан байгаа. Энэ ажлын хүрээнд дөрвөн их, дээд сургуулийн захирлууд ажлын хэсэгт багтсан. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх ажлын хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж, хэрэгжтэл нэлээд хугацаа шаардагдана. Гэхдээ бид хөрөнгө мөнгө харалгүйгээр судалгааны ажлыг эхлүүлэхээд байна.
А.Сүрэн
Холбоотой мэдээ