Компаниуд бага дүнтэй ч ногдол ашиг тараахыг чухалчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Компаниуд бага дүнтэй ч ногдол ашиг тараахыг чухалчилж байна

Компаниуд бага дүнтэй ч ногдол ашиг тараахыг чухалчилж байна

Ногдол ашиг олгох шийдвэрээ компаниуд өнөөдрийн дотор гаргана

Олон нийтэд хувьцаагаа эзэмшүүлсэн, нээлттэй компаниуд 2018 оны тайлангаа Монголын хөрөнгийн биржид ирүүлсээр байна. Компаниуд энэ онд ногдол ашиг олгох шийдвэрээ өнөөдрийн дотор гаргасан байх ёстой. Үүний дагуу даваа гарагийн байдлаар биржид бүртгэлтэй таван компани албан ёсоор ногдол ашиг хуваарилахаа урьдчилан мэдэгдлээ. Тухайлбал, “Говь” компани 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 төгрөг буюу нийт 5.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн байранд бэлэн мөнгөөр эсвэл хувьцаа эзэмшигчийн хүсэлтийн дагуу харилцах дансанд шилжүүлэх аж. “Говь” компани 2017 оны цэвэр ашгаасаа өнгөрсөн онд 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байв.

Дотоодын барилгын материалын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг “Монгол Базальт” нээлттэй хувьцаат компани болоод ирэх тавдугаар сард нэг жилийн ойтойгоо золгоно.

Нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгосон тус компани 2018 оны цэвэр ашгаасаа нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд нэг төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдлээ. Хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгоод жилийн нүүр ч үзээгүй тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг олгохоо зарласан нь компанийн нэгж хувьцааны ханшид сэргэлт авчраад зогсохгүй үнэт цаасны зах зээлд бас нэгэн шинэ жишиг тогтоож байна.

Ногдол ашгийн дүн нь тодорхой болсон дараагийн компани бол “Баян тээг”. Нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус компани 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3958.7 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдээллээ. Энэ нь одоогийн байдлаар бусад компаниудтай харьцуулахад нэгж хувьцаанд ногдож байгаа хамгийн өндөр мөнгө дүн болж байна. “Баян тээг” ногдол ашгаа ирэх зургаадугаар сарын 1 гэхэд хувьцаа эзэмшигчдэдээ олгох юм.

Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” 2018 оны жилийн эцсийн тайлангаа зарлалаа. Хятадын зах зээлд экспорт хийж, жил болгон хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг түгээдэг “жижиг” гэгдэх “Тавантолгой” компани тайлант хугацаанд 226.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 52.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Нэгж хувьцаанд 998.7 төгрөгийн ашиг олгохоо танилцууллаа. Компанийн цэвэр ашиг 2017 онтой харьцуулахад гурав дахин буурчээ. Өнгөрсөн онд “Тавантолгой” нэгж хувьцаанд 2410 төгрөг олгож байсан юм. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 2-3 дахин өссөн үзүүлэлт билээ.

Ногдол ашиг тараах дараагийн компани орон нутагт гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Хөвсгөл Алтан дуулга”. Тус компани хуримтлагдсан цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 1.88 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар байна.

  • “Тавантолгой” компани тайлант хугацаанд 226.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 52.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
  • Ногдол ашиг тараах дараагийн компани орон нутагт гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Хөвсгөл Алтан Дуулга”.
  • Улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 305 хувьцаат компани байна.

Компани өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргаж, 3.74 тэрбум төгрөг босгосон. Ингэснээр компанийн хувьцаа эзэмшигч хоёр дахин нэмэгдэж, компанийн зах зээлийн үнэлгээ 16.1 тэрбум төгрөг болжээ. Улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороонд  бүртгэлтэй 305 хувьцаат компани байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч, 2017 онтой харьцуулахад 2.9 хувиар өсжээ. Хөрөнгийн зах зээлд хөл тавиад удаагүй залуу компаниуд бага дүнтэй ч ногдол ашиг тараахаа  урьтал болгож байгаа нь энэ зах зээлд гарч буй шинэ үзэгдэл болж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж