МАН-ын Хяналтын хорооноос өнөөдөр /2019.02.19/ мэдээлэл хийлээ. Тус хороо өчигдөр хуралдаж, МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хассан шийдвэр гаргасан. Энэ талаарх шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.
Ц.Сандуйг: МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцжээ.
С.Мөнхчулууныг: МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцжээ.
ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТБААТАР:
-Хяналтын ерөнхий хороо ээлжит хурлаа хийж, дөрвөн асуудал авч хэлэлцсэн. Намын хяналтын хорооны гишүүнээ нөхөж сонгох, Хяналтын ерөнхий хорооны хийх ажил, төлөвлөгөө, зарим намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн. Намын гишүүнээс гарсанд тооцох тухай шийдвэр тогтоол гарсан. МАН-ын 28-р их хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгэмд шударга ёсыг тогтооход онцгой анхаарна гэдгээ зарласан. Энэ ажлыг намын гишүүдээсээ шаардлага тавьж ажлаа эхлүүлнэ гэж хэлж байсан. 2016 оноос МАН-ын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийн мэдээллийн сүлжээгээр 60 тэрбумын гэх асуудалд эцэслэн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны зургадугаар сард болсон Хяналтын ажилтны зөвлөгөөн дээр яригдсан. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол сунжрах төлөвтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Тиймээс 2018 оны наймдугаар сард тодорхой шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ тогтоолоор 60 тэрбумын гэх асуудалд намын нэр хүндийг холбогдуулсан явдал нь МАН-ын дүрмийг зөрчиж, Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тодорхой дүрмийн заалтаас болж хариуцлага тооцох нь учир дутагдалтай байсан учраас МАН-ын Бага хурлаас намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн. Тиймээс зарим гишүүдтэй хариуцлага тооцсон. МАН-ын дүрмүүдийг зөрчсөн учраас С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон. Энэхүү шийдвэрийг намын ерөнхий хороо болон бусад холбогдох албанд нь хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-С.Мөнхчулууныг намаас хассан учраас дахин Хотын даргад өрсөлдөх боломжгүй гэсэн үг үү?
-МАН-ын дүрмийн 4.3, 23.1.8 дахь заалтуудад намын гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд ямар нэг улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан байдаг.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ