“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” II шатны арга хэмжээний бүртгэлийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” II шатны арга хэмжээний бүртгэлийг сунгалаа

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” II шатны арга хэмжээний бүртгэлийг сунгалаа

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүртгэлийг 2019 оны гуравдугаар сарын 01-ний 17:00 цаг хүртэл сунгаж байна.

Арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ыг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААНБ нь харьяа дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээр дамжуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд,

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүнс үйлдвэрлэгчид Хүнсчдийн холбоонд,

Аймаг, орон нутагт хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлэхээс гадна оролцох хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шууд хүргүүлж болно.

Иймд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага нь албан ёсоор оролцох хүсэлт, ажлын төлөвлөгөөгөө дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Зохион байгуулагчдын зүгээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг арга хэмжээнд идэвхтэй хамрагдан, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёрдугаар шатны арга хэмжээний удирдамжийг дор хавсаргав. Арга хэмжээнд бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 51-261537, 98883888 дугаарын утсаар холбогдоно уу.

“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дэлхийн хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах, үүний тулд үндэсний стратеги, төлөвлөгөө хэрэгжүүлэх, хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахын зэрэгцээ хүнсний давсыг иоджуулж хүн амыг иод дутлын эмгэг (ИДЭ)-ээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын засгийн газарт зөвлөмж болгосон (ДЭМБ, 2012).

Швейцарийн Женев хотноо 2013 онд зохион байгуулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 66 дахь хуралдаанаар баталсан “Ерөнхий Ассамблейн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтын улс төрийн тунхаглал”-д хүнсний давсны агууламжийг бууруулах, үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх (43.7), эрүүл хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, боломжийн үнээр хүртээмжтэй болгох, хүнсний шошгын стандартыг мөрдөх, ялангуяа давсны агууламжийн тухай мэдээллийг тодорхой заах (44.2), давсны хэрэглээг бууруулах зорилгоор хүнсний үйлдвэрлэлд давс хэрэглэхийг хязгаарлах (44.5) гэж тус тус заасан (ДЭМБ, 2014).

Монгол хүн хоногт 11.1 г буюу ДЭМБ-ын зөвлөмжхэмжээнээс 2 дахин их давс хэрэглэдэг; хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээлэлд давсны хэмжээг тусгадаггүй; үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6 хувь, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6 хувь нь давсны агууламж ихтэйболохыг 2011-2012 онд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сан хамтран хийсэн “Хүн амын давсны хэрэглээ” үндэсний судалгааны дүн харуулсан байна.

Монгол Улс 1996–2010 онд иодын дутлын эмгэг (ИДЭ)-ээс сэргийлэх 2 удаагийн үндэсний хөтөлбөр, 2003 онд “Давсыг иоджуулж, иодын дутлын сэргийлэх тухай” хуулийг батлан хэрэгжүүлсний үр дүнд ИДЭ-ийн тархалт 29.2 хувиас 7.3 хувь хүртэл 3 дахин буурч, иоджуулсан давсхэрэглэдэг өрхийн эзлэх хувь 54.4 хувиас 89.1 хувь болж өссөн. Гэвч сүүлийн жилүүдэд иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл эрс буурч, 90 гаруй хувийг импортын давс эзэлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 онд хийсэн хяналт шалгалтаар иоджуулсан давсны нийт дээжийн 35 хувь нь иодын агууламжгүй, 50 хувь нь стандартад заасан хэмжээнээс бага иодын агууламжтай гарсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр” (2016-2020), “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн баримтлах бодлого”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн“ зорилтын хүрээнд хүн амын дунд давсны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, иоджуулсан давсны ач холбогдлыг сурталчлах, давс багатай хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, түүнчлэн иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, давсны чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зэрэг тодорхой арга хэмжээ тусгагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги (2015-2025)-д үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, нийтийн хоолны давсны агууламжийг тус тус 40 хувь бууруулах арга хэмжээ авах,давс багатай хүнс, хоолны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих, нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд авч хэрэгжүүлэхээр тусган баталсан ч хэрэгжилтийн үр дүн хангалтгүй байна.

Иймээс “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА), Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар (НҮХААГ), Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (НХЭАХН), Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр. Зорилго, зорилт

2.1. Хүнс, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад аж ахуйн нэгжийг татан оролцуулах замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнчлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад уг аяны зорилго оршино.

2.2 Арга хэмжээний хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:

Хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч, эрдэмтэд болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

Хүнсний бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх давсны хэмжээг багасгах;

Иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

Хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламж, иоджуулсан давсны чанарт тавих хяналтыг сайжруулах;

Иргэдэд давсны ач холбогдол, зохистой хэрэглээний мэдлэг, дадлыг хэвшүүлэх бий болгох замаар хүн амын давсны хэрэглээг бууруулах;

Гурав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Давс багатай хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.1.1. Нийгмийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгч (хүнсний бүтээгдэхүүн болон хоол) аж ахуйн нэгжийг сурталчлан таниулах;

3.1.2. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид давс багатай бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай гэж үзвэл сургалт явуулах;

3.1.3 Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнүүдийн дээжийг цуглуулан давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлж,  үнэлгээ, дүгнэлт өгөх;

3.2. Иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.2.1. Иоджуулсан давс үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх;

3.2.2. Иоджуулсан давсны үйлдвэрлэлд ашиглагдах тоног төхөөрөмжийг гаалийн албан  татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэх;

3.2.3. Давсны чанар, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.2.4. Иоджуулсан давсны хяналт шалгалтыг тогтмол явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах;

3.3. Иргэдэд давсны ач холбогдол, хэрэглээний талаар мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр:

3.3.1. Олон нийтэд чиглэсэн давсны ач холбогдол, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралзохион байгуулах;

3.3.2. Иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэхэд иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

3.3.4.Олон нийтэд арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг танилцуулж, мэдээлэх;

Дөрөв. Зохион байгуулах хугацаа, үе шат

4.1. Арга хэмжээг дараах 2 үе шаттайгаар зохион байгуулна:

4.1.1. Нэгдүгээр шат-2018 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 12 дугаар сар хүртэл хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн дунд;

4.1.2. Хоёрдугаар шат-2019 оны 1 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сар хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн дунд.

Тав. Санхүүжилт

5.1. Оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн нэр дэвшүүлсэн бүтээгдэхүүний дээж болон дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулах зардлыг бүрэн хариуцах;

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж