В.Путины зарлигаар ахмад дайчдад шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

В.Путины зарлигаар ахмад дайчдад шагнал гардууллаа

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 347 ахмад дайчинд ойн медаль гардуулах учиртай. Өнгөрсөн сараас эхлэн өрнөсөн энэ арга хэмжээ өнөөдөр Монгол цэргийн музейд үргэлжиллээ. Хөдөө орон нутагт аж төрөн буй ахмад дайчдын медалийг орон нутгийнх цэргийн штабаас гардуулж байгаа бол нийслэлийн ахмад дайчдад ОХУ-аас суугаа Элчин сайдын яам болон БХЯ-ны удирдлагууд гардуулж байна. Монгол цэргийн музейд цугласан ахмад дайчдад ойн медалийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович гардуулан өгч баяр хүргэлээ.  Ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,  хошууч генерал З.Болдбаатар оролцож үг хэлсэн. Угтаа энэ өдөр 70 гаруй ахмад шагналаа гардах авах байсан ч 30 гаруй ахмад өөрийн биеэр хүрэлцэн  одонгоо гардан авсан  байна.

 Үлдсэн 200 гаруй ахмад дайчиддаа энэхүү хүндтэй шагналыг ирэх тавдугаар сарын 9-нийг хүртэл хэсэг, хэсгээр нь  гардуулах гэнэ. . Элчин сайд Азизов Искандер Кубарович "Бид хамтдаа дайтаж явсан 1945 оны эх орны дайны ялалтын 70 жилийн ой угтаж байна. Энэ дайнд Монгол цэргүүдийн оруулсан үүрэг оролцоо маш их байсан. Хамгийн гол нь энэ бүхний утга учир нь манай хоёр орны найрамдал, цусаараа гагнагдсан хоёр орны цэргүүдийн оролцоо байсан юм шүү. Үүнээс цааш манай хоёр улсын найрамдалт харилцаа батжих цоо шинэ зам хүлээж байгаа нь дамжиггүй. Хамгийн харамсалтай нь бидний цусаар гагнагдсан найрамдлын маань амьд гэрч болсон ахмад дайчид жил ирэх бүрт цөөрсөөр байна.  Гэвч цаг алдахгүй бид тэмдэглэлт үйл явдлыг цаашид хамтдаа хуваалсаар байх болно. Та бүхэндээ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын баярын мэнд хүргэе. Биднийг илүү шинэ харилцаа, бат найрамдал, шинэ ирээдүй угтах болно гэдэгт найдаж байна" гэжээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж