УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Түүнд анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар зааж өгсөн байна. Хэрвээ хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг гурав хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заажээ.
Замын цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр хоногт 80-100 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагддаг байна. Баяр ёслолын үеэр энэ тоо өсдөг байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд авто машины зогсоолыг хуульчилж болох уу, дунд сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хичээл оруулах уу зэрэг асуултыг тавьж байна.
Ажлын хэсгийн ахлагчийн хариултаар бол сургуулийн өмнөх нас болон дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг оруулна. Харин авто машины зогсоолыг хуульчлахгүй, салбарын хуулиар зохицуулагдана. Хөдөлгөөнд саад учруулж байршуулсан авто машиныг журамлана. Хөдөлгөөн хааж тавьсан авто машинтай холбоотой маргаан сүүлийн үед их гарч байгаа тул энэ асуудлыг хуульд тусгайлан зааж өгсөн ажээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ