“Этүгэн СБЛ Хасын хүлэгүүд&#34 эхний тоглолтод хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

“Этүгэн СБЛ Хасын хүлэгүүд&#34 эхний тоглолтод хожлоо

Анх удаагаа зохиогдож байгаа сагсан бөмбөгийн эмэгтэй дээд лиг болох "Эмэгтэйчүүдийн үндэсний супер лиг"-ийн аваргын төлөө цуврал өчигдөр эхэллээ.

Аваргын төлөө, өнгөрсөн жилийн "Спрайт супер лиг"-ийн аварга "Баянгол Фалконс" болон хоёр легионер тамирчинг эгнээндээ нэгтсэн "Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд" багууд шалгаран үлдээд байгаа.

Эхний жилдээ зохиогдож байгаа эмэгтэй "Үндэсний супер лиг"-ийн тэмцээнд нийт 5 баг оролцож, 3 тойрог тоглосны эцэст плэй-оффын тоглолтууд эхэлсэн. Улмаар улирлыг амжилтаараа тэргүүлсэн "Баянгол Фалконс" баг "Дорноговь Таван Дохио" багийг буулган авч, харин 2-р байраар гарсан "Этүгэн Хүлэгүүд" баг "МУИС Ирвэсүүд" багийг хожсоноор аваргын төлөө шалгарсан юм. Энэхүү 2 баг нь хоёул монголдоо анхны гэх тодотголтой сагсан бөмбөгийн эмэгтэй легионер тамирчдаар хүчээ зузаатгаж, лигийг улам өрсөлдөөнтэй болгож байгаа билээ.

Өчигдөр болсон аваргын төлөө цувралын эхний тоглолтонд 69:57 харьцаатай Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд баг өрсөлдөгчөө хожлоо. Тэднээс Коуртни Данн 26 оноо, 16 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Б.Ундрах 20 оноо, багийн ахлагч Булбул 11 оноо 10 самбар авсан байна. Хүлэгүүдийн хийж байсан нягт хурдтай хамгаалалт нь сайн болж байснаар, тэдэнд маш том давуу талыг үүсгэж байлаа. Харин Баянгол Фалконс багаас Д.Ганзул 28 оноо, 6 оновчтой дамжуулалт, Dee Dee Williams 13 оноо, 12 самбар авчээ. Тэднээс багийн гол тоглогчдын нэг Мөнхсувд нь бэртлийн улмаас энэ цувралд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Түрүүлж 3 хожсон баг нь Эмэгтэй Үндэсний Супер Лигийн эхний улирлын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэнэ.

Д.ЛХАГВА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж