Энэ долоо хоногийн сайдын цаг уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож, салбарын хэмжээнд хийж байгаа ажил, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Шинэчлэлийн Засгийн газар Төрийн орон сууцны корпорацийг өргөтгөж, хувийн хэвшилд захиалга өгч, орон сууц бариулдаг болсон. Энэ нь төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнест хутгалдаж байна гэх шүүмжлэлийг араасаа дагуулах болсон тул түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох чиг үүрэгтэй байхаар өөрчлөхөөр болжээ.
Барилгын салбарт хийх дараагийн нэг ажил нь Тэтгэврийн даатгалын санг хөгжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал аж. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт энэ шийдвэрийг гаргасан юм. Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах аж. Ингэхдээ Нийгмийн даатгалын сайнд байгаа хөрөнгөнөөс тодорхой хэмжээний бонд босгож, түүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх аж.
Ийм сан бүрдсэнээр ипотекийн зээл тасралтгүй олгогдох орчин бүрдэх юм байна. Нөгөө талдаа иргэд сар бүр Нийгмийн даатгалын санд мөнгө төлдөг, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгон ашиглах боломжийг ийнхүү хууль эрх зүйн хүрээнд бий болгож өгөх ажээ.
Г.ДАРЬ