Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС


Хогоо зөв зохистой хаях нь хувь хүний соёл, ухамсраас шууд хамаардаг асуудал. Монголчууд бид гэртээ ч, гадаа гудамжинд ч хогоо замбараагүй хаяад бараг сурчихаж. Гэтэл хогоо ангилж хаяж сурах нь олон талын ач холбогдолтой юм.  

Улаанбаатар хот жилдээ нэг сая тонн гаруй, өдөрт 2500-2800 тонн хог гаргадаг байна. Энэ хогны ихэнх нь ангилаагүй, шууд хаясан байдаг нь харамсалтай. Гэхдээ гэрийнхээ хогыг гаргаж хаяхдаа ядаж ундааныхаа савыг тусад нь хаях юмсан гэж боддог хүмүүс цөөнгүй бийг дурдах нь зүйн хэрэг.

Өндөр хөгжилтэй орнуудад хогийг маш сайн ангилж хаядаг олон жишээ бид мэднэ. Японд гэхэд хогийн савыг нэг дор гурав, дөрвөөр нь байрлуулдаг. Ундааны савны хаяг болох гялгар шошгыг хуулан авч, таглааг нь заавал салгаж хаях, цаасан хайрцагтай сүүний савыг заавал угааж, дэлгэж хатаасны дараа хаях ёстой байдаг. Үүний үр дунд дахин боловсруулалтад цаг алдахгүй, байгалиа хордуулахгүйгээр асуудлыг шийддэг байна. Швейцарь улсад бараг бүх хогийг ангилдаг ба "Хэрвээ та байгаль дэлхийгээ хайрлах юм бол тэр танд гайхалтай хариу барих болно" гэсэн үгийг бараг хүн бүр уриа мэт дагадаг. Өмнөд Солонгост хогийг ангилж хаяхдаа цаас, пластик зүйлс болон гялгар уутны саванд өөр бусад хог хаягдал хийсэн байвал хог ачиж тээвэрлэхээс татгалздаг төдийгүй тухайн айл өрх, албан газарт торгууль ноогдуулдаг байна.

Бид гадаад орнуудтай адилаар одоохондоо ингэж хогийг бүрэн ангилж чадахгүй байгаа ч гэлээ ахуйн хэрэглээний болон гэрийнхээ хогийг гурван янзаар ангилж хаядаг болоход л эхний ээлжинд хангалттай юм. Хогийн савныхаа хажууд дахиад нэг сав эсвэл уут тавьж, хуванцар сав болон шил, цаас, бусад хог хэмээн гурав ангилахад л байгаль орчинд ээлтэйгээс гадна дахин боловсруулахад дөхөм болно.

Улаанбаатар хотод  одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй хог дахин боловсруулдаг найман үйлдвэр байдаг байна. Тэдгээр үйлдвэрүүд хогийг дахин боловсруулж, иргэдэд хэрэгтэй бүтээгдэхүүн болгон гаргаж, эргэж ашиглах боломж өгдөг. Жишээ нь, Чингисийн талбай дээр байгаа 20 ширхэг сандлыг хаягдал шилээр хийсэн ба бохир хуванцар сав буюу ургамлын тос, шампунийн савыг гялгар ууттай нийлүүлэн хогийн сав, траншейны таг зэргийг хийдэг байна.

Төр засгийн байгууллага, албан газрууд хогоо ангилж хаях тухай нэлээдгүй ярьж, сургалт явуулдаг ч төдийлөн хүмүүст хүрч чадаггүй. Тиймээс хог хаях соёл болон ангилж хаях тухай цэцэрлэгт байхаас нь эхлэн заах нь чухал. Багадаа эзэмшиж сурсан зүйл  насан туршдаа хүнд мартагддагүй тул хүүхэд байхаас нь энэ үйлдлийг сургаж даджуулах нь чухал.

Хог гэж юу вэ?, Хогоо ангилж хаяснаар ямар ач холбогдолтой вэ?, хогоор юу хийж болох вэ зэргийг хүүхдүүдэд ойлгуулан, цаашид хогийг зөв, ангилж хаях талаар мэдлэг олгох ёстой.

Хогийг зөв ангилж сурснаар байгаль дэлхийгээ хайрлаж чадахаас гадна хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах бүрэн боломжтойг хүүхдүүд эндээс яваандаа суралцана гэдэгт итгэлтэй байна.

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж