Засгийн газрын тогтоолоор ирэх гуравдугаар сарын 1-ээс Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.035 миллиметрээс нимгэн нийлэг уут ашиглахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд төөрөгдөл бий болжээ. Тухайлбал, зарим үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ байнга ашигладаг нийлэг улавчийг үүнд багтаан ойлгож, зарим сургууль, цэцэрлэг дүрмээ хэрэгжүүлээд эхэлжээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 20-ны тогтоолоор 2019 оны гуравдугаар сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон. Сав баглаа боодлын зориулалттай гэж байгаа тул нийлэг улавчинд хамаарахгүй” гэсэн юм.
Тус хуулийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавин ажиллах юм.
Түүнчлэн хэрэв уг хуулийг зөрчиж 0.035 миллиметрээс нимгэн нийлэг уутыг сав баглаа боодлын зориулалтаар ашиглавал Зөрчлийн тухай хуулийн 6.1.4-т заасны дагуу хувь хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох юм.
Мөн нийлэг уут нь байгаль орчинд хортойгоос гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Дэлгүүрээс хүнс авахдаа нийлэг уутанд хийж, хэрэглэснээр хортой нэгдэл ялгаруулж, түүний улмаас хүний бие хорт бодисоор хордох аюултай юм.
Монгол Улс жилд 132 мянган тонн хуванцар сав, гялгар уут импортолдог ажээ.
0.035 мм-ээс нимгэн нийлэг уут
Холбоотой мэдээ