Ардчилсан намын гишүүд дэмжигдчийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд УИХ, Засгийн газарт хандаж, МАН-ын Тусгаар тогтнолын ордныг хууль зөрчин татвар төлөгчдийн мөнгөөр барьсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодруулж, татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх шаардлагыг тавьсан юм байна. Гэвч УИХ, Засгийн газраас өнөөдрийг хүртэл энэ асуудалтай холбогдуулж хариу ирүүлээгүй тул Авлигатай тэмцэх газарт хандаж, гомдол гаргажээ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр, гомдолдоо “Авлигатай тэмцэх газарт хандан гаргасан гомдолд тэрээр “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд МАН төв байраа шатаалган 14.6 тэрбум төгрөгөөр одоогийн Тусгаар тогтнолын ордонг барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авсныг эргүүлэн төлүүлэх талаар 2015 оны гуравдугаар сарын 11-нд УИХ, Засгийн газарт хандан шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул Авлигатай тэмцэх газарт албан ёсоор хандаж байна. Тусгаар тогтнолын ордонг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөгийг МАН гаргуулж авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад олон хууль тогтоомжийг зөрчсөн улс төрийн авилгын шинжтэй үйлдэл хэмээн үзэж, гомдол гаргаж байгаа тул хуулийн хугацаанд шалган тогтоож өгөхийг хүсье” гэжээ.
Түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга энэ асуудалтай холбогдуулж тайлбар хийснийг та сонссон байх. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Ардчилсан намаас шаардаж шахаж байсны дагуу Ленины музейг ч өгсөн. Ер нь бол Ардчилсан намд дөрвөн байр байна. Гэтэл МАН-ын ганц Тусгаар тогтнолын ордонг хураах тухай ярьж буй нь хэр шударга юм бэ” гэсэн. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Тусгаар тогтнолын ордныг барихад татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ бол хууль зөрчиж гаргасан санхүүжилт. Дээр нь Тусгаар тогтнолын ордны талбайг түрээсэлж давхар ашиг олж байна. Дэлхийн аль ч оронд МАН шиг хотын төвдөө ийм том ордонтой, түрээсээр ашиг олоод сууж байдаг улс төрийн нам байхгүй. Энэ асуудлыг цэгцлэх цаг нь болсон.
УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батална. Ийм хариуцлагатай үед улс төрийн намууд өмчөө хэрхэн олж авсан, хойшид татвар төлөгчдийн мөнгөөр намын байр барих санхүүжилт олгохгүй байх зэрэг олон заалтыг тодорхой болгох шаардлагатай. Тийм учраас асуудлыг тавих цаг нь болсон гэж би хувьдаа үзэж байгаа.
Ер нь МАН-ын тухайд ганц Тусгаар тогтнолын ордноос ашиг олж байгаа юм биш бүх аймагт 2-3 давхар намын байртай. Түүнийгээ түрээсэлж ашиг олж байна, энэ судалгааг хийж байгаа. Ийм байж болохгүй.
-Ардчилсан нам дөрвөн байртай. Тэдгээр байрууд ч бас төсвийн хөрөнгөөр баригдсан гэж яригдах болсон. Яагаад тэгвэл энэ байрыг ч бас хураах тухай асуудлыг та тавихгүй байгаа юм бэ?
-Миний олж авсан мэдээллээр дээрх байр нь төрийн бус байгууллагын байр юм билээ, түүнийг нь АН түрээсэлдэг.
-МоАХ-ны байр бас түрээс юм уу. Маш том байр 11 дүгээр хороололд байгаа шүү дээ?
-МоАХ бол Ардчилсан нам биш.
Г.ДАРЬ