ЗГХЭГ-ын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ сар шинийн дараахан “ШХАБ-д элсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал” гэсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит сонирхлыг илэрхийлсэн үг байлаа. Өөрөөр хэлбэл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай аюулгүйн зөвлөлийнхний аюултай хүслийг энэ удаад хэн нэгэн олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн нь Л.Оюун-Эрдэнэ болсон хэрэг. Могой алахад хүртэл мод хэрэгтэй шүү дээ.
2017 оны намраас, илүү тодорхойгоор хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ШХАБ-д улсаа “зарах” асуудал хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2018 оны хавар эдийн засгийн форумд оролцохдоо Ерөнхийлөгч Х.Баттулгын илэрхийлсэн байр суурь нь “Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геоп᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋олитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ”.
Эрлийз цариг, хятад танкаар иргэдийнхээ тархийг угааж ирсэн манай “эх оронч”-ийн өнөөдрийн сонирхол нэг ийм. Энэ сонирхлын ард чухам юу нуугдаж байгааг Тамгын газрын дарга З.Энхболдоороо дамжуулсан нь “ШХАБ-д элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэх тайлбар. Өөрөөр хэлбэл, ШХАБ-д элссэний шанд их гүрнүүдээс “өгөх гэж байгаа болоод авах гэж буй” зүйл нь яг юу вэ?
Товчхондоо, ШХАБ-д элссэнээр эдийн засагт их хэмжээний рубль, юань орж ирнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн өнөөдөр тооцоолж байж мэднэ. Харамсалтай нь, үүн шиг аюултай хүсэл үгүй бөгөөд үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдэг Якунин ахынх нь үгийг ч энд дашрамд сануулчихад буруудахгүй биз.
ШХАБ-д улсаа аваачиж “зарах” Төрийн тэргүүний адын сонирхлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар нар дэмжиж байгаа бөгөөд өнөөгийн аюулгүйн зөвлөлийнхөн алтан ембүү хараад алгаа тосож сууна.
Магадгүй ШХАБ-д элсээд мөнгийг нь аваад сурсан зангаараа мурьчих сонирхол манай зөвлөлийнхөнд байж мэднэ. Гэвч, хавханд орсон хулгана амьд гарч байсан удаа бий бил үү. Тэр тусмаа тэвэр дүүрэн мөнгөөр улсаа зарчихаад тэвэрт нь орчихсон их гүрнүүдийнхээ савраас эргээд бүрэн бүтэн гарч чадна гэдэг эргэлзээтэй.
Тиймээс үндэсний аюулгүй байдалдаа "халдаж" буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аюултай хүслийг эсэргүүцэж буй улстөрч, эрдэмтэн, судлаач олон байгаа бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Түүний хэлснээр ШХАБ-ыг ломбард гэж харах нь туйлын аюултай, тэгэхээр түүхэнд үлдэх хүсэлтэй зарим нэг улстөрчид сануулахад улсаасаа урвасан гэх нэг нэрээ хоёр хочтой болгож мэдэх юм шүү. "Үхэхээс айхгүй" гэдэг улстөрчид улсаа зарахаас айхгүй байгаа нь хамгийн аюултай юм. Тэр тусмаа Д.Бямбасүрэн гуайн хэлснээр "манай нохой"-нд үед шүү.
Аюулгүйн зөвлөлийнхний аюултай зангад улсаараа орчихвол Монгол яг мөнөөх үнэгүй бяслагт хууртаад хавханд орсон хулгана болж хувирна. Муур багш хүссэн үедээ хулганыг барьж идэхийг харин монголчууд бид хүлээн зөвшөөрөх ёстой юу. Чухам иймээс л ШХАБ элсэх асуудлыг УИХ руу хэн оруулж ирэхийг, ямар гишүүн улсаа худалдаж идэхийг удахгүй бүгд харцгаая, эх орноосоо урвах "эх оронч"-дыг.
Монгол Улс өнөөдрийг хүртэл олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд төвийг сахисаар ирсэн. Яагаад төвийг сахих болсон хийгээд яагаад ШХАБ-д элсч болохгүй тухай илэрхийлсэн экс Ерөнхийлөгчийн байр суурийг сонирхоно уу.
Posted by Elbegdorj Tsakhia on Friday, February 15, 2019