УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцлээ. Олон жил хүлээгдэж байгаа энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулийг олон жил ярьсан. Хуулийн төсөл сайн болсон ч зарим давхардал байна. Хууль хэрэгжээд эхэлбэл захиргааны актуудад хариуцлага өндөрсөнө, иргэд шүүхэд хандаад эхэлнэ. Бэлтгэл ажил нэлээд хэрэгтэй байх. Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг яаж тогтоож байгаа вэ” гэсэн асуултад хууль санаачлагч Ч.Өнөрбаяр “Ямар нэг давхардал гарахгүй. Суурь шинжтэй том хууль учраас бэлтгэл ажил хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Хэрэгжих эхлэх хугацааг 2016 оны 7 сарын 1 гэж тооцсоэ. Шаардлагатай бол энэ хугацааг сунгах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал” гэх хариулт өгсөн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шинэ Засгийн газрын нөхдүүд хуулийн төслөө уншилгүй оруулаад ирж. Энэ хууль өмнөх Засгийн газрын үед хэд хэдэн удаа орж ирсэн. Та бүхэн хэт туйлшрах юм. Нэгдүгээрт ийм хууль гарснаар баахан хүнд суртал хоёр талдаа бий болгох вий гэсэн болгоомжлол надад байна. Амьдрал дээрээ хүнд суртал, цаасыг багасгахыг би хоёр гараа өргөөд дэмждэг. Гэхдээ зузаан хууль, олон цаастайгаар асуудал шийдэгдэхгүй. Засгийн газрын саналаас зарчмын шинжтэй асуудлыг тусгасануу” гэж асуусан. Түүний асуултад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “ Энэ хууль гарсны дараах үр нөлөөний судалгааг 2013 онд Хуульзүйн яам хийсэн. Хуулийн төсөл боловсруулах хугацаанд 200 орчим байгууллагаас 700 гаруй санал ирснээс Ажлын хэсэг шаардлагатай гэснийг нь тусгасан. Төрийн албан хаагчид хувийн үзэмжээр хүнд суртал гаргадаг болсныг энэ хууль гарснаар багасна. Шүүхийн ачаалал нэмэгдэхгүй. Харин ажлаа хийхэд амар болно” хэмээн хариулсан.
Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа зарим гишүүд санал хэлсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачлагад орёсон төрийн зохицуулалтын шинэтгэл гэсэн үзэл санаагаар энэ хуулийн төсөл орж ирсэн гэж бодож байна. Захиргааны актууд нь хүний амьдрал, хуулийн этгээдэд сөргөөр нөлөөлдөггүй байхаар хийгдсэн болов уу гэж итгэж байна. Хуулийн төсөл Үндсэн хуулийн дараа орох чухал ачя холбогдолтой гэж үзэж байгаа бол Төрийн байгуулалт, Хуульзүйн байнгын хороогоор бас хэлэлцүүлэх саналтай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Би дэмжиж байгаа. манай гишүүдэд захиргааны үйл ажиллагааг хуульчлах нь төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх вий гэдэг эргэлзээ байх шиг байна. Энэ бол тийм ч оновчтой эргэлзээ биш. Харин ч ажлаа хийх, шударга ажиллах дүрмийг бий болгоно, хууль ёсны болгоно. Нөгөө талаас бүх хууль төрд эрх мэдэл олгодог. Харин иргэндээ яаж үйлчлэх заалт нь байхгүй учраас тухайн байгууллагаас гаргасан журмаар зохицуулагддаг. Үүнээс болоод иргэн төр хоёрын харилцаанд ангал үүсчихээд байгаа юм. Үүнд гүүр болох хууль бол Захиргааны ерөнхий хууль. Ийм хуультай болох судалгааг 15 жил хийж, есөн жил хуулийн төсөл дээр ажиласан. Намайг сайд байхад Засгийн газраар гурван удаа орсон. Тиймээс энэ удаа хэлэлцэх нь зөв” гэсэн санал хэлсэн.
Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 20 гаруй жилийн хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан, хууль биелүүлэн төрийн гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны журмыг нэгтгэсэн, тэдгээрийн хоорондын ажлын уялдааг зохицуулсан суурь хууль байхгүйгээс захиргааны үйл ажиллагаа өнөөг хүртэл цэгцрээгүй, хоорондоо нийцэхгүй, уялдаа холбоо муутай, дур зоргын шинжтэй явж ирснийг Захиргааный ерөнхий хуулиар өөрчилж, зохицуулна гэж хууль санаачлагдчид үзэж байгаа.
Өнөөдөр манай улсад 420 гаруй хууль үйлчилж байгаагийн 250 орчим хуульд нь захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа шийдвэр гаргах боломжийг зохицуулсан байпаг аж. Гэвч эдгээр хуулиудад бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үндсэн зарчим, нийтлэг журам, түүнийг биелүүлэх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт байхгүйгээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд Үндсэн хуульд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах шаардлага тэр бүр биелэгдэхгүй, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг дур зоргоор гаргаж хохироох явдал цөөнгүй гарч байгаа нь Захиргааны ерөнхий хууль батлах үндсэн шаардлага болжээ. 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааны ерөнхий ангиас “Захиргааны акт”-тай холбоотой 11 зүйл байдаг. Энэ хууль батлагдсанаар 11 бүлэг, 107 зүйлтэй болж Захиргааны ерөнхий анги бүрэн хуульчлагдах юм байна.
Одоогоор захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн, яаж харьцахыг зохицуулсан захиргааны ерөнхий хууль байхгүйгээс зарим нэг хуулиар зохицуулсан зохицуулалтын хүрээнд л асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. Гэтэл дээр дурдсан 250 орчим хуулийн ихэнх хуульд нь захиргааны байгууллагын эрх, үүргийг хуульчилсан байдаг ч тэрхүү эрх, үүргээ хэрхэн, яаж хэрэгжүүлэхийг зохицуулаагүй байдаг. Иймээс энэ хуулиар дээрхи хоосон орон зайг нөхнө гэж үзэж байгаа юм.
С.ОТГОН