Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж НИТХ-аас Нийслэлийн Засаг даргад өрсөлдөж хамгийн олон санал авсан С.Мөнхчулуун, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг намаас хөөх шийдвэр гаргажээ. “Хөөх” гэхийн учир нь МАН-ын Хяналтын хорооны уг шийдвэрийн талаар хэвлэлүүд мэдээлэхдээ “түдгэлзүүлсэн” гэх үгийг хэрэглэж буй. Гэтэл Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-ын дүрэмд “намаас гарсан тооцох” гэдэг үг байгаа болохоос “түдгэлзүүлэх” гэдэг үг байхгүй. Үндэслэлийн хувьд Ц.Сандуйг 60 тэрбумын схем гэгчийг хэрэгжүүлсэн гэж хариуцлага тооцож хөөж байгаа гэнэ. Шүүх, прокурор, АТГ-ын дүгнэлтээс давсан шийдвэр гэж харагдаж байгаа биз. Цаашилбал, С.Мөнхчулууныг “хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлсэн /тоглоомон гэдгийг дурдаагүй болохоор хүйтэн зэвсэг хэрэглэчихсэн мэт/, хар тамхины хэрэгт холбогдсон /энэ бас хуулийн байгууллагын хийх ажил/, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэсэн шалтгаанаар намаас гарсанд тооцож байгаа бололтой.

Энэ мэдээлэл тархмагц НИТХ-ын дарга асан Ц.Сандуйтай холбогдоход “Одоогоор мэдээллийн сайтуудаас л харлаа. Ямар нэг байдлаар мэдэгдээгүй” гэсэн юм. Харин ямар шалтгаан байж болох вэ гэсэн асуултад “Түүний заалнаас нэр дэвшсэн шийдвэрийнх нь ард намайг байгаа гэдэг шалтгаанаар байж болох юм” хэмээн хариуллаа.

Харин С.Мөнхчулуун “Ийм шийдвэр гаргасан нь үнэн гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ албан ёсоор мэдэгдээгүй байна” гэсэн бөгөөд үндэслэлийн хувьд мөн л намын Удирдах зөвлөлийн шийдвэрт тэрсэлж бие даан нэр дэвшсэнтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Мөнхчулууны дүү С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан гэнэ. Олон нийтийн дунд “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн дүү нь холбогдох хуулийн дагуу бие даан хариуцлага хүлээх чадвартай бол НИТХ-ын шийдвэрийг хүндэтгэх ёстой” гэсэн байр суурь давамгайлж байна.

Нөгөөтэйгүүр хэрэв МАН-ын удирдлага, Хяналтын хороо тус намын томилгоогоор албан тушаал хашихад тухайн албан тушаалтны хамаарал бүхий этгээд ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь баримталбал одоогоор “60 тэрбумын схем”, “ЖДҮХС-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэрэгт  холбогдон шалгагдаж байгаа бусад албан тушаалтанд ч энэ дүрэм хамааралтай болж таарна. Энэ нь бие даан танхимаас нэр дэвшээд НИТХ-д олонхийн санал авсан С.Мөнхчулуунд хамаатай эсэх нь сонирхолтой болоод явчихлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн С.Амарсайхан уу, НИТХ дээр түүнээс олон санал авсан С.Мөнхчулуун уу? МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн, НИТХ-ын 45 гишүүний аль нь “хүчтэй” вэ.

Тэгэхээр  2018 оны нэгдүгээр сарын 18-нд болсон уг сонгуулийн үр дүнд С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар батламжлахгүй байсан, улмаар удтал хүлээлгэсний эцэст МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн С.Мөнхчулуунд хэлсэн “Би бодож байна” гэх хариу болон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын “амаар” өгч чадаагүй хариу нь энэ байж.

Үүний өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 29-нд М.Энхболд, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нарыг намаас хөөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл гарсан ч МАН-ын Хяналтын хорооны дарга болон гишүүн дээрх асуудлыг хэлэлцсэн эсэх талаар зөрүүтэй мэдээллийг өгч байсан. Тухайн үед Хяналтын хорооны нэгэн гишүүн “Намаас олноор нь буюу хоморголон хөөх асуудал анх удаа гарч байна. Тэр тусмаа манай намын дүрэмд Хяналтын ерөнхий хороо санаачлаад намаас хөөж гаргасан дүрмийн заалт байхгүй. Хяналтын хороо МАН-ын дүрмийг сахин биелүүлэх, намд эв эеийг сахиулах үндсэн үүрэгтэй” гэж ярьсан нь бий. Нөгөөтэйгүүр УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан асуудлыг огт хэлэлцээгүй хэмээн яаран тайлбарласан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарт энэ удаад итгэхэд амаргүй л болов уу. Тус Хяналтын ерөнхий хорооны хурлаас хойш хориод хоногийн дараа МАН-ын Бага хурлын 06 тоот тогтоолоор намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн. Үүнд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр шууд намын гишүүнчлэлээс хасдаг болохоор дүрмээ өөрчилсөн. Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-нд  Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд “Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна" хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авчээ.

Ингэснээр тус намын шинэ дүрмийн анхны “хөөгдөгсөд” нь Ц.Сандуй, С.Мөнхчулуун нар болж таарч байна.

Дээрх Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хуралд оролцогсдын 95 хувь нь дэмжсэн шийдвэр гаргасан юм.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо бол “60 тэрбумын схем” хэрэгжсэн эсэхийг шалгах, шүүх, тэр тусмаа мөрдөн байцаалтад буцсан, эцэслэн шалгагдаагүй байхад нь ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн гишүүндээ гишүүндээ намаас хөөж хариуцлага тооцох өн дээр нь хариуцлага тооцох эрхтэй гэж үү.

Хэн нэгнийг “хамаарал бүхий этгээд” гэдэг нэрийн дор дүүгийн гэм бурууг ахад тохдог байвал ардчилсан төртэй гэхэд хэцүү болно. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-г тарах, тараахдаа хүртэл нь талцуулж, УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардсаар УИХ-ын үйл ажиллагааг гацаахад хүргэж байсан бол одоо  НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн С.Мөнхчулууныг батламжлахгүй гэх хариуг бүтэн нэг сар хүлээлгэсэн. Харин өнөөдөр Хяналтын ерөнхий хорооноос намын дүрэмд байхгүй шийдвэрээр  Ц.Сандуй, С.Мөнх-Очир нарыг намаас хөөж байгаа нь энэ бололтой. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд буюу түүний Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнөхөн хэвлэлийнхнийг дуудаж ярилцахдаа “Төрийн цэвэрлэгээ эхэлснийг албан ёсоор мэдэгдье” гэсэн билээ.

Уг нь одоогоос нэг жилийн өмнө 2018 оны хоёрдугаар сарын 26-нд намын анхан шатны байгууллага, намын үүрийн дарга нартай “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийх үеэрээ “Миний бие 1990 онд МАН-д улс төрийн ажилтнаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга хэлэхдээ “Намын ажил гэдэг бол сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан” хэмээн ярьж билээ. Сэтгэл хүнд л байдаг. Намаасаа хоёр хүнийг, хоёр сэтгэлийг хөөсөн МАН-д 2020 онд юу тохиолдох бол. Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийсэн бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж