Өөрт байгаа зүйлээрээ малчиддаа туслая

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Өөрт байгаа зүйлээрээ малчиддаа туслая

2010 оны 1-р сарын 25-31-ний өдрүүдэд “Иргэний нийгмийн нөлөөллийн 7
хоног”-оор Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-аас санаачилж
2010.01.28-ны Пүрэв гараг, өглөө 7.00-8.30 цагт “Эртэч монгол хүн” ажил
хэрэгч уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтанд оролцогчдоос
нийгэмд үүссэн тулгамдсан нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр
оруулах санаачилга гарган, энэ удаад зудтай байгаа аймаг, орон нутгийн
малчдад хэрэгтэй лаа шүдэнз, гар чийдэн, хувцас зэрэг эд материйлын
зүйлийг хандивлах, малчдад сэтгэлийн дэм болох ном сонин илгээх,
захидал бичих зэрэг саналууд гарсан билээ.

Зудтай байгаа орон нутгийн малчдад туслах энэхүү санаачилгад
нийслэлийн 93-р дунд сургуулийн 7, 10-р ангийн сурагчид идэвхтэй
оролцож, шүдэнз, лаа, маск, нэмнээ, уут, цамц, өмд, хүрэм, бээлий,
оймс, малгай, зай, угж, бинт, гутал, цай, эм, санитол, дотуур хувцас,
ороолт, ном, сонин зэрэг ахуйн өргөн хэрэглээний зүйлс, хөгжлийн
бэрхшээлтэй иргэд өөрсдийн оёсон дотуур хувцас, Зууны мэдээ сонины хамт
олон гал асаах хаягдал цаас, BCI хэвлэлийн компани уяа татлагын бүс
зэрэг зүйлсийг хандивлан цуглууллаа.

Монгол тэмүүлэл-Сайхан
Монгол орон ТББ нийтдээ 2 сая 500 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдэх эд
зүйлсийг 2 өдрийн дотор цуглуулж, ОБЕГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө. Өөрт
байгаа зүйлээрээ бусдад туслах халуун сэтгэлт хүмүүсийн тусламжийн энэ
эд зүйлс 2010 оны 2 сарын 1-ний Даваа гарагт хөдлөх ОБЕГ-ын тусламжийн
Их цуваагаар хөдөөгийн малчдад хүргэнэ.

“Тэнхлүүн байхад
тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдгээр өөрт байгаа
зүйлээрээ зудад нэрвэгдсэн малчин түмэндээ туслахыг хүссэн хүмүүс
Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-ын 70127080 утсаар холбогдно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж