У.Хүрэлсүхийн "дүү нар" хөлжих цагаар

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн "дүү нар" хөлжих цагаар

У.Хүрэлсүхийн "дүү нар" хөлжих цагаар

Сүүлийн зургаан сарын турш МАН буюу эрх баригч намын дарга У.Хүрэлсүх “өөрийн” улс төрөө хийж, сарвайсан болгондоо хүрч, өөрийн болгож байна. Түүний улс төр хотын даргыг огцруулахаас эхэлж, УИХ-ын даргыг огцруулснаар өрнөсөн бол одоо албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтдаа орж байна. МАН-ын даргын улс төр хийхэд хамгийн их хүчин зүтгэсэн, тэмцсэн, дэмжигч УИХ-ын гишүүд бий. Тэр дундаа залуу, анх удаа сонгогдсон гишүүд түүний гол дэмжигчид. Эхнээсээ ч тэмцлийнхээ үр шимийг хүртэж, албан тушаал, эрх мэдлээр “шагнуулж” байна. Үүний хамгийн тод жишээ бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сайдын суудалд тухалж, Засгийн газрын гал тогоог барьж байна. Тэрбээр анх  АТГ-ын даргыг солих шаардлагыг тавьсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс хүчээ зузаатгаж, АН-ын хоёр гишүүнийг “барьцаалж” тавуул болж, тэмцлээ эхлүүлсэн. Ингэсээр намрын чуулганы ихэнх хугацаанд эсэргүүцэл зарлаж,  хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг гацааж,  УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан.  Тиймээс ч тэр хамгийн “том” шагнал болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд хүрсэн. Өмнө нь тэрбээр дан дээлтэй УИХ-ын гишүүн байхдаа биеийн тамирын багш мэргэжилтэй хүнийг төрийн өмчит компанийн даргын албан тушаалд томилж байсан бол одоо түүнийгээ захирал болгох гээд зүтгэж яваа гэх яриа ч улс төрийн хүрээнд яригдаж байна. Үүнтэй зэрэгцээд Херо-гийн Б.Баатар нь Үндэсний их баяр наадмыг найруулах хүсэлтээ Соёл урлагийн газарт өгчээ. Энэ ч бас төрийн өндөр албан тушаал дагаж шийдэгдэх болов уу гэх яриа ч сошиалд хүчтэй өрнөх юм билээ.

Түүний араас албан тушаалд “санаархсан” хүн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Тэрбээр УИХ-ын даргад өрсөлдөхөөр зүтгэж байсан ч Г.Занданшатар энэ албанд очих болоход  “Намтар чинь буруу юм биш үү” гэж хүртэл ширүүхэн үг хаяад амжсан удаатай. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн сүүлийн үед ярьдаг, шүүмжилдэг ганц сэдэвтэй болсон нь төв банк болов. Энэ нь Монголбанкинд хүнээ “шахах” гэсэн оролдлогынх нь нэг хэлбэр гэж улс төрийн хүрээнийхэн хардаж байна.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим бодлогын түр хороог байгуулж, өөрөө удирдаж буй. Тэрбээр өчигдөр л гэхэд мэдээлэл хийж,  төрийн мэдээллийн бааз суурийг нэгтгэсэн ХУР системийг таслан зогсоох, Монгол Улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдал хангагдаагүй гэх мэтээр ярьж эхлэв. Энэ талаараа дан ганц өчигдөр ч биш түр хороо байгуулснаасаа хойш хэлэх болсон. Гэхдээ түүний санаа иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд зовж байгаа гэдэг юу  л бол. Өмнө нь УИХ-ын даргад “Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хууль санаачлах, шийдвэр гаргах эрх өгөөч” гэхэд өгөөгүй юм байна. Тиймээс шинэ УИХ-ын даргад хүсэлтээ дахин өгч, түр хороо шийдвэр гаргадаг болох талаар хандаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, надад эрх өгөөтөх гэсэнтэй утга дүйх болж буй юм.  Түүнчлэн Мэдээлэл харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагууд нь ажлаа хийхгүй байна хэмээн дурдаж байв. Түүний цаад санаа ч бас өөртөө “эрх мэдэл” авахад чиглэв үү гэж хардах хүмүүс ч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд түүний төрсөн ах Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яаманд нь хүн амины хэрэг гарснаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч одоо Ерөнхий сайдад зөвлөж буй. Ингэхдээ "ахыг минь бодоорой" гэсээр тэмцэлд нэгдсэн. Ардчиллын алтан хараацай гэгддэг Л.Болд гишүүн, Ж.Батзандан нар намаасаа хөөгдөх хүртэл юунд тэмцсэн бол. Шударга ёсны төлөө тэмцсэн гэдэг нь яг үнэн үү.  Хариу нь удахгүй тодорхой болох биз ээ.

Энэ мэтчилэн У.Хүрэлсүхийн “хүсэл” алхам алхмаар биелж, түүний “хүүхдүүд” өөр өөрсдийн “гавьяа”, “шагналаа” хүртсээр. Цаашид ч  эрх мэдэл, албан тушаалын тэмцэл, томилгоо үргэлжилнэ. Гэхдээ тэр бүр нь өмнөө үзэгдэлтэй, тавилттай, бас олон нийтийн анхаарлыг татаж, хошууруулна. Харин түүнийх нь үүргийг тороолууд нь маш сайн гүйцэтгэнэ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж