"Хүүхэд маань эндсэн байтал шинжилгээний хариуг үзүүлээгүй"

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

"Хүүхэд маань эндсэн байтал шинжилгээний хариуг үзүүлээгүй"

Ихэр үрээ 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр өлгийдөн авсан эх нэг үрээ эмнэлгийн байгууллагын буруугаас болж алджээ. Хүүгээ алдсан эх үлдсэн ганц үрээрээ энгэрээ дэвтээж явна. Хэргийг тодруулбал,  2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Адьяамөнх хоёр сартай хүүгээ Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд цавины ивэрхий нь хавчуулагдсан хэмээн оношлогджээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ яаралтай ирсэн боловч эмч нар цавины ивэрхий биш хэмээн буцааснаас болж хүү тэр өдрөө нас барсан байна. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж дахин нэг эх үрээ алдаж шар махтайгаа хатах вий гэхээс эмээж байгаагаа тэрбээр хэлээд бидний яриа эхэлсэн юм.  Түүнтэй дараах ярилцлагыг хийлээ.


-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Би гэр бүлийнхээ хамт Багануур дүүрэгт амьдардаг. Миний хоёр хүүгийн нэг нь цавины ивэрхийтэй хэмээн арваннэгдүгээр сард оношлогдсон. Тухайн үед эмч “Цавины ивэрхий нь хавчуулагдах юм бол аюултай учраас яаралтай мэс засалд орно. Гэхдээ одоохондоо дөнгөж үүсч байгаа үед гайгүй ажиглаад явж байхад болно. Хэрэв хатуураад ирэх юм бол эргэж ирээд үзүүлээрэй” гэж хэлсэн.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүү маань өглөө сэрээд хөхөө хөхчөөд унтсан. Өдөр нь хуурайлах гээд өлгийг нь задалсан чинь цавь хэсэг нь хатуурсан байсан. Сандраад шууд л Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход мэс заслын эмч үзээд "Цавины ивэрхий нь хавчуулагдсан байна яаралтай хот руу явуулъя. Бид нар унаа тэрэг жолоочоо дуудаад нэг эмчтэй хамт явуулъя" гэсэн. Би ихэр хүүхэдтэй. Дээрээс нь хөхөөрөө хооллодог учраас яаж нөгөө хүүхдээ үлдээх вэ дээ. Тэгээд хоёр хүүхдээ аваад явсан.  Багануураас 20.00 цаг гэж гараад Налайх орохын алдад түргэний машины паар нь эвдэрчихсэн. Ингэж цаг алдсаар 23.00 цаг өнгөрч байхад  ЭХЭМҮТ-д ирсэн.

-ЭХЭМҮТ-ийн эмч хүүхдийг тань үзээд шууд хэвтүүлсэн үү? 

-Тус эмнэлгийн эрэмбэлэн ангилах хэсэгт очиж, хүүгийнхээ амин үзүүлэлтийг нь үзүүлэхэд халуун нь 38.4 байсан учраас лаа хийж халууныг нь буулгасан. Дараа нь мэс заслын тасаг руу гарч хүүгээ үзүүлэхэд “Цавины ивэрхий нь хавчуулагдаагүй байна. Хүүхдийг чинь ой зургаан сар хүргэж байж мэс засалд оруулах боломжтой.  Ивэрхий хавчуулагдаагүй болохоор мэс заслын тасаг хүлээж авах боломжгүй” гэж хэлсэн.

Буцаад хүлээн авахын эмч дээр очоод хүүгээ, хүүхдийн тасаг руу оруулъя гэж ярилцсан ч ихэр хүүхэдтэй гэж хэлэхэд энд амьсгалын замын өвчин их байгаа учраас  ханиад хүрчихвэл хэцүү гээд оруулалгүй Багануур руу буцах бичиг хийж өгсөн. Машин эвдэрсэн дээрээс нь харанхуй шөнө болчихсон. Багануураас хамт ирсэн эмч хотод таньдаг хүнийхээ гэрт хононо гэсэн харин бид нарт хотод хонох айл байгаагүй учраас шөнийн 01.00 цаг болж байхад замын унаанд суугаад ЭХЭМҮТ-өөс Багануур руу гарсан. Тэр хооронд хүүхэд маань ерөөсөө уйлахгүй их тайван байсан. Үүрийн 04.00 цагийн үед Багануурт гэртээ ирээд машинаасаа буухад хүү маань гулгих  шиг болсон. Гайхаад гэртээ орж ирээд хартал шар ногоон эвгүй үнэртэй зүйлээр гулгисан байсан.

Хүүгээ өлгийнөөс нь задлахад амьсгалын тоо нь олшроод царай нь хувхай цайчихсан яраглаад уйлж ч  чадахгүй хэцүү байх шиг харагдаж байсан.

Түргэн дуудаж үзүүлэхэд түргэний эмч миний хүүхдийг хүний урамд нэг ч чагналгүй надаас хүүхдийн биеийг асууж, цаасан дээр баахан юм сараачиж байснаа хүүхдээ хувцасла явъя гээд ахиад хоёр хүүхдээ баглаад  гарсан.

Хүү маань эмнэлэг орох хооронд их тайван явсаар эмнэлэгт ирээд задлахад нүдэндээ ч итгээгүй. Хүү минь ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байсан. Би яахаа мэдэхгүй хүүгээ тэврээд орилж байхад цаанаас “Яагаад орилоод байгаа юм бэ” гэсээр жижүүр эмч ирсэн. 

Эмч хүүг минь харчхаад “Хүүхэд чинь аль хэдийн хөшчихсөн байна” гэж хэлэхдээ нүүрэнд нь ямар ч харамсаж байгаа шинж байгаагүй. Үнэхээр аймшигтай байсан. Тэр эмч өөрөө эх хүн байж, үрээ алдсан эх хүнд тийм аймшигтай үгийг хээв нэг хэлээд зогсож байсан.

-Хэрэв эмнэлгийн байгууллагууд хурдан шуурхай арга хэмжээ авч хүүг тань эмчилсэн бол амийг нь аврах бүрэн боломжтой байсан гэж бодож болох уу?.

-Тийм ээ. Би хүүгээ алдсандаа үнэхээр гомдолтой байна. Хэрэв миний хүүг ЭХЭМҮТ-д хүлээж авсан бол, түргэний эмч миний хүүд анхан шатны тусламж үзүүлсэн бол өдийд миний хүү ээжтэйгээ хамт байх байсан. Хоёрхон сартай жаахан амьтан хэчнээн зовж нүд аньсан бол…  Ээж ээ би өвдөөд байна гэж орилж ч чадахгүй, хэлж ч чадахгүй жаахан амьтан шүү дээ. Надад тохиолдсон энэ их зовлонг дахиад нэг ээжид, гэр бүлд битгий тохиолдоосой л гэж хүсэх юм.

Задлан шинжилгээний хариу нь цагаан сарын өмнө гарсан гэсэн. Та гарсан дүгнэлттэй  санал нийлж байгаа юу?

-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн ерөнхий эмч нь над руу залгаад “Боломжтой болж ирж уулзаач. Бид нар өнөөдөр хуралдаад баг бүрдүүлээд талийгаачийг задлан шинжилгээнд оруулах гэсэн юм. Гэр бүлийнхнийх нь зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би ах, эгч хоёрыгоо явуулсан. Шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна гэсэн ч цагаан сарын өмнө гарсан.

Задлан шинжилгээний хариугаар “Цавины ивэрхий нь хавчуулагдаад түгжрэл болсон” гэж гарсан. Би шинжилгээний хариутай санал нийлж байгаа. Цавины ивэрхий нь хавчуулагдсанаас болоод өтгөнөөрөө бөөлжсөн болж таарсан.

Дүүргийн эмнэлгийн зүгээс “Та нар гомдол гаргах юм бол ЭХЭМҮТ-д гаргана. Манай талаас түргэний машин замдаа эвдэрсэн, цуг явж байсан түргэний эмч хариуцлага алдаж тухайн хүүхдийн биеийн байдал муу байхад өөрөө хараад ажиглаж яваагүй гэдэг нь буруутай” гэж  хэлсэн. Шинжилгээнийх нь хариуг харья гэсэн чинь бичгээр нь харуулдаггүй юм гэхээр нь ядаж зургийг нь харья гэсэн чинь хуульдаа тийм зүйл байхгүй гээд огт харуулаагүй. Шинжилгээний талаар амаар л хэлсэн үү гэхээс бидэнд харуулсан зүйл огт байхгүй.

-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Над руу нэгдүгээр сарын 15-ны өдөр хотын цагдаагийн газраас яриад Багануур дүүргийн  цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбож өгсөн. Би мэдүүлэг өгсөн. Гэхдээ надтай  дахиж холбогдоогүй.

Би шүүхийн байгууллагаар явлаа гэхэд ЭХЭМҮТ-ийн хоёр эмч цалингаасаа хасуулдаг юм уу эсвэл ажлаасаа халагдаад өнгөрнө.  Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Монголын эрүүл мэндийн байгууллагыг тэр чигт нь  өөрчилж чадах юм уу. Чадахгүй шүү дээ. Миний хүү босоод ирэхгүй.

Тийм болохоор одоохондоо би шийдэлд хүрээгүй байна. Олон эх над шиг ийм шаналал битгий мэдрээсэй л гэж хүсч байна. Хэрэв эмч нарт сэтгэл, хичээл зүтгэлтэй байсан бол хүний хүүхдийг ядаж ялгалгүй үзэж оношлон тусламж үзүүлсэн бол өдийд байдал ямар байх байсан бол. Монгол Улсын эрүүл мэндийн салбар үнэхээр уналтад байна. Монголд амьдрахад хүртэл бэрх байна. Хүн амьдрахын тулд эрүүл байх ёстой. Өвдлөө гэхэд эмчлүүлэх эрхтэй. Гэтэл бид нар эмчлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж