"Гадаадад сурсан хүүхэд Монгол хэлний шалгалтад 400 оноо авч чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

"Гадаадад сурсан хүүхэд Монгол хэлний шалгалтад 400 оноо авч чадахгүй"

"Гадаадад сурсан хүүхэд Монгол хэлний шалгалтад 400 оноо авч чадахгүй"

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Өмнө нь босго оноогүй байсан эх хэлний шалгалтыг энэ жилээс 400 байхаар тогтоосныг Боловсролын үнэлгээний төвөөс өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-ны өдөр авах бол хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын дундуур зохион байгуулна. Энэ жилээс Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар болсон нь эхний шалгалтад 400 оноо авч чадаагүй бол хоёр дахь удаагийнханд дахин орох боломж олгох, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтад орж чадаагүй тохиолдолд хоёр дахь удаагийн шалгалтад орох зэрэг боломж олгож байна.

Мөн өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд Монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй бол өнөө жил уг шалгалтад орж, босго давах ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж буй юм.

Бид энэ удаад Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой болгосныг төгсөх ангийн сурагчид болон багш нар хэрхэн хүлээн авч байгааг нийслэлийн лаборатори 28 дугаар сургууль болон 40 дүгээр сургуулиас сурвалжиллаа.

                             МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН 400 ОНОО БОЛ ӨНДӨР БИШ

Лаборатори 28 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.ТӨГӨЛДӨР:

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 болгосон нь өндөр биш боломжийн гэж үзэж байгаа. Эх хэлний суурь мэдлэгтэй хэн ч байсан энэ босгыг давах болов уу. Тийм болохоор Монголд болон гадны улс орны аль ч сургуульд суралцсан нь  байсан нь хамаагүй 400 онооны босгыг давах ёстой гэж бодож байна.

 

 

 

 

 

Нийслэлийн 40 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч М.АНУХАТАН:

-Монгол хэлний шалгалтыг босго оноотой болгосон нь зөв. Оноонд ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл  шалгалт босго оноотой болсон учраас Монгол хэлний суурь мэдлэгтэй ч энэ хичээлд сонирхолгүй нь шалгалтдаа унахгүйн тулд хичээж эхэлнэ шүү дээ. Ер нь 400 оноо гэдэг бол боломжийн санагдаж байгаа. Тийм ч өндөр биш. Энэ жил шалгалтыг хоёр удаа авч байгаа юм билээ. Энэ шалгалтад унах эсэх нь хувь хүний хичээл зүтгэлээс л шалтгаална.

 

 

 

Нийслэлийн 40 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.ЧҮНСЭРЭН:

Монгол хүн болж төрсөн л бол эх хэлээ заавал мэдэх ёстой. Эх хэлээ сайн сурч чадвал гадаад хэлийг сайн сурч чадна гэж үздэг. Тиймээс Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо байх ёстой. Миний хувьд 400 оноо гэдэг бол тийм ч өндөр оноо биш санагдсан. Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ онооноос л дээш авах ёстой байдаг шүү дээ. Хэрвээ Монгол хэлдээ тааруухан гэж өөрийгөө дүгнэж байгаа бол давтан сургалтад ч сурч болно.

 

 

 

Багш нарын зүгээс Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноог 400 болгосонд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

            ХҮҮХДҮҮДЭД МОНГОЛ ХЭЛНИЙ БОСГО ОНОО ДАРАМТ БОЛЖ БАЙНА

  ЕБС-ийн 28 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын секцийн ахлагч, багш Б.ЭНХЖАРГАЛ: 

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид их дээд сургуульд элсэхдээ Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг. Энэ нь хэлний суурь мэдлэгтэй, найруулан бичих чадвартай байх ёстой гэж үздэг. Монгол хэл, бичгийн шалгалтын босгыг 400 оноогоор тогтоосон нь боломжийн гэж үзэж байна. Үүнээс буулгавал эх хэлний найруулан бичих чадвар муудна. Шалгалтыг хоёр удаа авч байгаа нь хүүхдүүдийн хувьд боломж олгосон, эрхийг нь дээдэлсэн гэж харж байгаа.

Боловсролын хуульд хүүхэд нэгдүгээр ангиасаа эх хэлээрээ сурч боловсорно, тавдугаар ангиас гадаад хэлийг үзнэ хэмээн заасан байдаг. Гэтэл гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа эцэг, эхчүүд хүүхдээ дагуулж явсны улмаас эх хэлний хоцрогдолтой болгодог. Энэ асуудлыг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай журмаа зохицуулсан нь дээр болов уу. Гадаадад амьдарч байгаад ирсэн хүүхдүүд хэзээ ч Монгол хэлний 400 онооны шалгалтыг өгч чадахгүй. Учир нь 1-12 жил Монголд сураагүйтэй холбон тайлбарлаж болно.

Хүүхдүүдэд босго оноо нь маш их дарамт болж байгаа, тэдэнд энэ оноог давсны дараа элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө гэдэг нь маш хүнд. Ерөнхийдөө босго оноог агуулгын хувьд хүндэвтэр байна гэж харсан учраас бага зэрэг хөнгөрүүлэх шаардлагатай. Харин Монгол хэл, бичгийн босго онооны шалгалтыг богино хугацаанд засах нь маш учир дутагдалтай. Жишээ нь 40 гаруй мянган хүүхдийн эсээг засахад тодорхой цаг хугацаа зарцуулна. Гэтэл богинохон хугацаанд засна гэдэг нь маш асуудалтай санагдаж байна. Мөн хүүхдийг хөгжүүлэх гэж байгаа бол улсын сургуулиудыг босго оноогоор нь амжилтын гараа гэх мэт шалгалтуудаар байр эзлүүлэх нь буруу юм.

            МОНГОЛ ХЭЛНИЙ СУУРЬГҮЙ Л БОЛ 400 ОНООНЫ БОСГЫГ ДАВАХГҮЙ

 ЕБС-ийн 40 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш  Ч.ЭРДЭНЭЧИМЭГ:

Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой болгосон нь зөвхөн энэ жил яриад шийдсэн асуудал биш юм. Өмнөх жилүүдэд яригдаж байсан. Шалгалтыг босго оноотой болгосон нь зөв зүйтэй гэж үзэж байна. Үүнийг Монгол хэлний багш нар дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ босго онооны шалгалтыг үе шаттай болговол хүүхдүүдэд илүү боломжтой гэж харсан. Элсэгчид хоёр удаагийн шалгалтад бүдэрсэн тохиолдолд их дээд сургуульд суралцах эрхийг хязгаарлахын оронд гурван үе шаттайгаар шалгалтыг авах боломж бий шүү дээ. Жишээ нь, гадаадад сурч, амьдарч байгаад ирсэн хүүхдүүдийн тухайд 400 онооны босгыг давах нь эргэлзээтэй. Тэдний хувьд Монгол хэлний  хэлзүйн мэдлэг багатай. Үүнээс гадна Монголоороо сэтгэх, бичих чадвар тааруу байдаг. Энэ нь тухайн орны хэлээ дагасан зан заншил соёлыг илүү мэддэгтэй холбоотой байж магадгүй. Иймд Монгол хүн л болж төрсөн бол төрөлх хэлээрээ тусгайлан шалгалтад бэлдэх, давтлагад суух шаардлагатай. Хүн бүр Монгол хэлний багш болохгүй  ч гэлээ эх хэлээрээ яруу төгс ярьдаг, Монголоороо бодож сэтгэснээ зөв найруулан бичдэг чадвартай байх ёстой.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад урьдчилсан байдлаар 21 мянган шалгуулагч бүртгүүлэх тооцоо гарчээ. Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байхаар тогтож байгаа нь эх хэлний суурь мэдлэгтэй хүн бүр энэ болзлыг хангах боломжтой хэмээн үзэж буй юм.

                                         МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН 400 ОНООНЫ БОСГЫГ ШАЛГУУЛАГЧИД ДАВНА 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.ГАН-ЭРДЭНЭ:

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. Энэ онооны болзлыг  Монгол хэл, бичгийн хичээлийг 1-12 дугаар анги хүртлээ үзсэн хүүхдүүд хангачих боломжтой. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо даваагүй ч гэсэн элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь нээлттэй юм.  Шалгалтад бүдэрч 400 оноондоо хүрээгүй тохиолдолд их дээд сургуульд орох эрх нь хаагдаж байгаа болохоос элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь хаагдаагүй. Шалгуулагчид найруулан бичихэд анхаарах ёстой. Эсээ, уйгаржин бичиг 25 хувийн өндөр агуулгатай орж ирнэ.

Монгол хэлний шалгалтын босгыг 400 оноогоор тогтоосныг ахлах ангийн төгсөгчид болон багш нар дэмжиж байгаа ч гадаадад сурч, амьдарч байгаад эх орондоо ирэн суралцаж байгаа хүүхдүүдийн тухайд энэ босго өндөр гэдэгтэй санал нэг байлаа. Мөн зарим сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой болгосныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байв. Шалгалт эхлэхэд сар орчмын хугацаа үлдсэн тул ахлах ангийнхан хичээл тарсны дараа Монгол хэл, бичгийн шалгалтын давтлагад бэлдэж эхэлсэн байх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж