МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас нь түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон байна.
Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгууль дамнан МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэг яригдаж байгаа бөгөөд энэ талаар хуулийн байгууллага хэд хэдэн удаа шийдвэр гаргасан байдаг. Гэвч НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй 60 тэрбумтай холбоотойгоор хариуцлага хүлээж ажлаа өгч байсан юм. Түүний энэ үйлдлийг намын Хяналтын хорооноос авч үзэж, ийнхүү намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Харин С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын төлөөлөгч бөгөөд саяхан болсон Хотын даргын сунгаанд нэр дэвшиж олонхийн санал авсан ч Ерөнхий сайдын зүгээс түүнийг түдгэлзүүлэх саналаа НИТХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч өнөөдөр намын Хяналтын хороо хуралдаж, түүний хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, олон удаа хар тамхины хэрэгт холбогдсон учраас ийнхүү намын Хяналтын хороо шийдвэр гаргасан байна.
Энэ талаар МАН-ын Хяналтын хороо маргааш /2019.02.19/ албан ёсны мэдээлэл, тайлбараа хийх юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ