Шүлхий өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх стратегийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх стратегийн талаар хэлэлцлээ

Шүлхий өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх стратегийн талаар хэлэлцлээ

Шүлхий өвчний халдвар илрүүлэх болон вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалтын үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр (2019.02.18) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Мал эмнэлгийн ерөнхий газраас зохион байгуулсан тус уулзалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэхдээ аймгуудын Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.

Тэрбээр, Монгол Улсын төрөөс мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, өвчнийг богино хугацаанд хяналтандаа авч, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоод, гадаад худалдааг чөлөөтэй болгох, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, улмаар улсын эдийн засагт мал эмнэлгийн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэлэв.

Уулзалтаар "2017-2018 оны шүлхий өвчний дэгдэлтийн талаар", "Шүлхий өвчний үеийн хорио цээрийн арга хэмжээ, анхаарах асуудлууд", "Шүлхийн халдварын тандалтын үр дүн" зэрэг сэдвээр холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, "Монгол Улсын төв болон баруун бүс нутагт шүлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх" төслийн талаар танилцууллаа.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөөр тайван бүс гэдгээ олон улсад зарлахын тулд баруун бүсийн аймгуудад шүлхийн халдвар дамжин тархах эрсдэлээс сэргийлэх, шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, суманд байнгын хяналт, ажиглалт хийж байх, шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, сайтар бодож боловсруулсан вакцинжуулалтын төлөвлөгөөг товлолын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, өвчний тандалт, тархварзүйн судалгааг тогтмолжуулах нь зүйтэй. Мөн байнгын болон түр ажиллагаат мал эмнэлгийн хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бий гэж мал эмнэлгийн салбарын оролцогч талууд үзэж байна.

"Монгол Улсын төв болон баруун бүс нутагт шүлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх" төслийн хувьд 2018 оны 11 дүгээр сараас жилийн хугацаанд Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймагт хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд шүлхийтэй тэмцэх стратеги болон тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийх, дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээний талаар сургалт хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж