Н.Азжаргал: Офицер хүн бол ахлагч, түрүүч, байлдагчийн толь нь байх ёстой

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Н.Азжаргал: Офицер хүн бол ахлагч, түрүүч, байлдагчийн толь нь байх ёстой

Н.Азжаргал: Офицер хүн бол ахлагч, түрүүч, байлдагчийн толь нь байх ёстой

Хилийн 0277 дугаар ангийн Цэргийн сургалт, сахилга албаны зохион байгуулалтын тасгийн дарга, хошууч Н.Азжаргалыг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урьсан юм.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Бага насаа хөдөө мал маллаж өссөн, малчин айлын  хүүхэд. 2006 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Тухайн үедээ цэргийн сургуульд орох сонирхолтой байлаа. Миний хувьд Цагдаагийн академи, Батлан хамгаалах сургуулийг л мэддэг байсан. Ингээд шалгалтаа нийгэм, монгол хэл хоёроор суурилсан чинь математикийг давхар өгөх ёстой байсныг мэдээгүй. Тэгээд л миний мөрөөдөл биелэхээ байлаа даа гэж бодож байсан ч Хилийн цэргийн дээд сургууль байдгийг мэдээд энэ сургуульд хилийн албаны ажилтан мэргэжлээр элсэн орж байлаа. 2010 онд Хилийн албаны ажилтан мэргэжлийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Сүхбаатар аймаг дахь Хилийн 0184 дүгээр ангид заставын орлогчийн алба хашиж байгаад Говь-Алтай аймаг дахь Хилийн 0214 дүгээр ангид томилогдож ирсэн. Ингээд цэргийн сургалт, сахилга албаны тасгийн биеийн тамирын ажилтан, сургалтын офицер, гэрээт цэрэг хариуцсан ажилтан, заставын дарга гэсэн албан тушаалд ажиллаж байгаад 2015 оноос цэргийн сахилга хамгаалах ажлын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

-Та багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөдөж байсан юм байна. Хил хамгаалах байгууллагад ажиллах нь хэр сонирхолтой байна?

-Улсын хилд алба хаана гэдэг үнэхээр бахархалтай. Монгол Улс оршин тогтнож байгаа үндэс нь хил хязгаар. Хил хязгаар байхгүй бол хилчид гэж байхгүй. Энэ их том хувь заяа, ийм сайхан албыг сонгосондоо баяртай байдаг. Би эх орондоо хайртай, би эх оронч хүн гэж хүн болгон ярих дуртай. Улсынхаа хилийг сахиж явна гэдэг хилчин хүний бахархал. Хилчний алба үнэхээр сайхан. Үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газар, хэний ч хүрээгүй газарт үүрэг гүйцэтгэдэг. Амаргүй бөгөөд маш хариуцлагатай алба.

-Мэдээж хүн бүр эх орондоо хайртай гэж ярьдаг. Хил дээр алба хааж байхад эх орныхоо юугаар нь илүү бахархдаг вэ?

-2017 онд Энэтхэгт болсон тусгай бэлтгэлийн сургалтад явсан. Энд тэндгүй л дэлбэрэлт, дадлага сургууль явуулж байсан. Тэр үед би Монгол орноороо үнэхээр бахархаж байсан. Манай улс өндөр уудам тал нутагтай, сайхан үзэсгэлэнт байгальтай, агаар нь тунгалаг, цэлмэг хөх тэнгэр гээд үнэхээр сайхан тайван газар. Ийм сайхан оронд төрсөндөө их баяртай байдаг.

-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2014 онд анх “Супер офицер” шалгаруулах тэмцээн болоход таныг шилдэг 15-т багтсан гэсэн. Энэ талаар?

-Би дунд сургуульд байхдаа айхтар гүйж харайдаг хүүхэд байгаагүй. Цэргийн сургуульд ороод бүх юм дүрэм журмаар явдаг учраас түүнийг дагаж мөрдөхөөс өөр арга байхгүй. Хугацаа, нормативтэй болохоор түүнийг биелүүлэхийн тулд гүйж энэ бүгдийг хийж сурсан. 2006 онд Хилийн цэргийн дээд сургуульд элсэж ороод Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд 2007, 2008 онд дараалан Хил хамгаалах байгууллагаа төлөөлж хоёр жил нэг, хоёрдугаар байрт орсон. Мөн жил болгон аймгуудын тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулдаг марш тактикийн тэмцээнд Сүхбаатар аймагт байхдаа ч оролцож алт, мөнгөн медаль авч байсан. Говь-Алтайд байхдаа хоёр алтан медалийг бас авч байсан. Энэ олон тэмцээн уралдаанд орсноор  туршлага хурааж 2014 онд Хил хамгаалах байгууллагын аварга шалгаруулах “Супер офицер”-ын тэмцээнд оролцоод шилдэг офицер болж байсан. Нэгдүгээр шатанд таван бүсээс I, II, III байр эзлүүлээд хоёрдугаар шатанд таван бүсийн 15 офицер оролцож байсан. Би Өмнөд бүсээс I байрт орж сүүлийн шатанд бүсээ төлөөлөн ирж амжилттай оролцсон.

-“Супер офицер” гэж ямар хүнийг хэлэх вэ?

-“Супер офицер” цол, нэр хүндийг дааж явах хэцүү. Офицер хүн бол ахлагч, түрүүч, байлдагчийн толь нь байх ёстой гэж үздэг. Толинд туссан тусгал нь би юм. Намайг харж байж миний доод албан тушаалтнууд над шиг байна  гэсэн үг. Тийм байхын тулд нэлээдгүй зүйлийг судлана, чадвараа сайжруулна. Тухайн офицероос өөрөөс нь шалтгаалах тул маш сайн хичээх шаардлагатай гэж боддог.

-Та алба хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд шинэ албан хаагчдад ямар үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг вэ?

-Цэргийн газрыг босоо удирдлагатай. Тэнд цэргийн дүрэмт үйл ажиллагааг мөрдөх ёстой. Цэргийн дүрмээр зохицуулсан байдаг. Бүх дүрэм журмыг хэлбэрэлтгүй мөрдөхийг шаарддаг. Миний ажлын чиг үүрэг, гол зарчим яг ийм байдаг. Цагаан дээр хараар юу гэж бичсэн заалтыг хэрэгжүүлж байж бидний ажил явна. Үүнээс гажих юм бол бид зөрчил гаргаж байна гэсэн үг.

-Залуучууд хил дээр цэргийн алба хаахад ямар байдаг вэ?

-Байнгын бүрэлдэхүүн буюу офицер, ахлагч нар байдаг. Тэд өөрсдийн хүсэлтээр хил хамгаалах байгууллагад орж ажиллаж байна. Цэргүүд бол Үндсэн хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх, бас өөрс­дийн хүсэл зорилгоор ирж байна. ерөнхийдөө хил хамгаалах байгууллага хилийн цэрэг, цэргийн газар ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдсэн. Яагаад гэвэл хилчдийн нийгмийн баталгааг сайн хангаж өгсөн байгаа.

-Гэрээтээр ажиллах сонирхолтой залуус хэр их байна?

-Гэрээт хилчний алба гэдэг бол цэргийн жинхэнэ албаа хаасан иргэн өөрийн хүсэл сонирхлоор хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба. Тэд офицер, ах­лаг­чийн нэгэн адил цалин, хувцас хэрэглэл, хоол хүнс, байр гээд бүх зүйлээр хангагдаж ажилладаг. Хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж болно. Гэрээт хилчин гэрэлтэй алба байгаа. Ний­гэмд ажилгүй залуус их байна. Тиймээс цэргийн албаа хаагаад гэрээт хилчний албанд элсэж ороод ажиллавал нийгмийн баталгаа нь хангагдах юм. Мөн гэрээгээ дуусгаад ахлагчийн бүрэлдэхүүнд орохоос гадна дотоод гадаадын цэргийн их дээд сургуульд суралцаж, өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой сайхан алба.

-Чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрүүлдэг вэ?

-Хилийн анги, салбарууд материаллаг бааз сайтай. Тухайн хүнд чиглэсэн, хүн өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Хүн яаж ч хөгжиж болно. Ахлагч болон ямар нэгэн хүнээс хараат бусаар хүслээрээ дуртай зүйлээ хийх боломжтой байдаг. Миний хувьд спортод сонирхолтой. Зэрэгтэй тамирчид шиг мундаг гэж хэлэхгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд боломжийн гэж боддог. Яг төгс гэхээр спорт байхгүй. Цэрэгжилт тал руу арай илүү болов уу гэж хардаг.

-Таны хобби юу вэ?

-Зураг зурах авьяастай. Зав гарвал морь, хөдөөний сайхан байгалийг хараад зурдаг. Хөдөөний аж ахуй амьдралыг харуулсан зураг зурах сонирхолтой.

-Таны гэргий чинь бас хилийн цэрэгт алба хаадаг байх аа?

-Тийм ээ. Миний эхнэр Т.Жаргалханд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат хүн. Оюутан байхдаа танилцаад хилийн цэрэгт өдийг хүртэл хамт явж байна. Бид хүү, охин хоёртой. Том охин маань гурван настай, хүү маань нэг настай. Эхнэр маань удам дамжсан хилчин офицер байгаа. Манай хадам аав ээж хоёр хилчин байсан.

-Улсын хил хамгаалахад гэр бүлээрээ ажиллана гэдэг бахархмаар зүйл шүү?

-Цэргийн алба үнэхээр сайхан. Эмэгтэй хүнд нэлээн ачаалал үүсдэг юм шиг байна лээ. Тэр бүхнийг зохицуулаад явахад эмэгтэй хүнд хүндрэлтэй байгаа нь мэдэгддэг. Гэхдээ миний эхнэр албандаа түүртэж байгаа нь харагддаггүй, сэтгэл хангалуун байдаг.

-Ажилдаа дуртай, сэтгэлтэй байна гэдэг сайхан. Та хоёр бие биеэ хэр ойлгодог вэ?

-Албан дээр болон хувийн асуудлууд гардаг. Гэхдээ нэг нэгэндээ итгэхгүйгээр ажил, амьдрал явна гэж байхгүй. Тиймээс үргэлж нэгнийгээ дэмжиж, тусалж ажилладаг.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж