Хөлбөмбөгийн шигшээ багийн үе үеийн тамирчдыг алдаршуулна | News.MN

Хөлбөмбөгийн шигшээ багийн үе үеийн тамирчдыг алдаршуулна

Хөлбөмбөгийн шигшээ багийн үе үеийн тамирчдыг алдаршуулна

Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ой “Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхэлнэ

Хөлбөмбөгийн шигшээ багийн үе үеийн тамирчдыг алдаршуулна

Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхэн ой маргааш /2019.02.19/ “Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхлэхээр болжээ. Тус холбооны Зөвлөлийн хурлаас жил бүр “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тэмдэглэж, Монголын Улсын далбааг дэлхийн дэвжээнд өргөж явдаг шигшээ багийн тамирчдаа алдаршуулж байхаар болсон байна. Энэ өдөр үе үеийн шигшээ багийнхан нэгэн дээвэр дор чуулан залуу үе нь ахмадуудаасаа түүх, туршлага судалж, шигшээ багийн тоглогч, эх орны охид, хөвгүүд байснаараа бахархах өдөр байхаар зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр/2019.02.18/ Монгол хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийсэн юм.

1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргаар Монголын цэрэг армийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн томилогджээ. Энэ оноос тус хорооны дэргэд Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ахлах дасгалжуулагчаар ЗХУ-ын спортын гавьяат мастер П.Севастьянов, орчуулагч, туслах дасгалжуулагчаар Н.Лувсандорж нар сонгогдон ажилласан байна. Мөн тамирчид, дасгалжуулагч, тамирчдын цалин, хувцас хэрэглэлийг хангаж өгчээ.

1959 оны аравдугаар сарын 30-ны өдөр болсон хурлаар шигшээ багийн тамирчдын санаачилгаар Биеийн тамир, спортын хорооны хурлаар Монголын хөлбөмбөгийн холбоо анх байгуулагдан дарга, нарийн бичиг, дасгалжуулагч-шүүгчдийн зөвлөлөөс гадна хүүхэд-залуучууд, сурталчилгаа, техникийн комисс зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. Холбооны анхны тэргүүн нь Монголын хөлбөмбөгийн ууган багш-дасгалжуулагч Н.Лувсандорж сонгогджээ.

1958 онд Монгол улсын шигшээ баг урд хөршид нөхөрсөг тоглолтыг хийсэн нь түүхэн үйл явдлын нэг болон үлджээ. Тухайн үед БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай хотуудаар явж, 45 хоногийн бэлтгэл сургуулилтыг хийв. Энэ үеэр дээрх хотуудын багтай долоон удаа тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцэн, дөрөв хожигдсон байна.

1960 оны аравдугаар сарын 03-10-ны өдрүүдэд анхны олон улсын тэмцээнийг Ардчилсан социалист орнуудын “Нөхөрлөл” тэмцээнд оролцжээ. Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Вьетнам улсын Ханой хотод болсон энэхүү тэмцээнд Монголын шигшээ багийн хувьд түүхэнд бичигдэхээр үйл явдал болжээ. Манай шигшээ баг Вьетнам, БНХАУ-ын багуудад хожигдсон ч хоёр тоглолтод хоёуланд нь гоол оруулсан түүхтэй. Тодруулбал, н.Лхагваа Вьетнамын багтай хийсэн тоглолтод гоол оруулсан нь олон улсын тэмцээний анхны гоол болжээ.

1993 онд шигшээ баг дахин бэлтгэлдээ орж, БНХАУ-ын багтай тоглоход 6:1-ээр хожигдсон ч Батхүүгийн Болдбаатарын гоол түүхэнд тэмдэглэн үлдсэн байна. Тэрбээр одоогийн МХБХ-ны Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

1993 оны тавдугаар сарын 18-ны өдөр Зүүн Азийн анхдугаар наадамд Монголын баг Макаогийн залуусыг 4:3-аар хожсон нь шигшээ багийн анхны хожил болж бичигджээ. Уг тоглолтод Б.Буман-Учрал хоёр гоол оруулсан бол С.Эрдэнэбат, Д.Тэрбаатар нар нэг гоол хийж, багаа ялалтад хөтөлсөн байна. Эдгээр тамирчдаас Б.Буман-Учрал одоогийн МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.

1960 оноос хойш олон улсын тоглолтуудад давтагдаагүй тоогоор 40 тоглогч гоол хийснээс хамгийн олон гоолыг Б.Буман-Учрал /9/, Д.Лүмбэнгарав /8/, М.Төгөлдөр, Н.Наранболд/тус бүр 6/ оруулж, мэргэн буучдын эгнээг тэргүүлж байна.

Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчдоос Д.Лүмбэнгарав нийт 46 тоглолтод оролцсон гэж албан ёсоор бүртгэгдэж, үүний 39 тоглолтод оролцохдоо 38-д нь гараанд гарсан амжилтыг үзүүлжээ.

Монгол Улсын футзалын шигшээ баг анх удаа 2011 онд байгуулагдаж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор байна. 2018 оны байдлаар футзалын 20 хүртэлх насны шигшээ баг Зүүн Азид нэг, Азит тивд хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн амжилт нь хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн шилдэг багийн нэг болоод байна.

2015 оны хувьд мөн түүхэн жилийн нэг байв. Энэ онд Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг байгуулагдаж, 2018 онд анхны олон улсын тэмцээнд оролцож онцгой амжилтыг үзүүлсэн билээ. Улаанбаатарт болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас шалгарч хоёрдугаар шатанд шалгарсан амжилтаараа эмэгтэйчүүдийн баг 60 жилийн ойдоо томоохон бэлгийг барьсан юм.

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Н.Лувсандорж /1959-1968/, Б.Цог /1968-1984/, С.Жамц /1984-1997/, Р.Амаржаргал /1997-2010/, Б.Ганболд /2010-2015/, А.Ганбаатар /2015 оноос/, Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Банзрагч /1959-1968/, Л.Чойбалсан /1968-1984/, Чойндон Владимир /1984-1997/, Б.Ганболд /1997-2010/, Д.Тэрбаатар /2010-2015/, Ө.Шижир /2015 оноос/ тус тус ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж