"Хүүхдийнхээ төрсөн өдрөөр KFC-гээр үйлчлүүлж, өвдсөнд гомдолтой байна"

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

"Хүүхдийнхээ төрсөн өдрөөр KFC-гээр үйлчлүүлж, өвдсөнд гомдолтой байна"

ХӨСҮТ /12019.02.18/

“Зайсан дахь KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж буй гэх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.02.18/ мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж сурвалжиллаа.

Тус төвд биднийг очиход хоол хүнс, хувцас хунар барьсан иргэд “KFC-д хордсон хүмүүс хаана хэвтэн эмчлүүлж байгаа вэ” хэмээн эмнэлгийн ажилтнуудаас асууж байв. Зарим иргэд “KFC-д хордлого авсан өвчтөний шинжилгээний хариугаа авъя” хэмээн лавлахын үүдэнд зогсож байхдаа тааралдлаа.


ГУРВАН УДААГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР НЯН ИЛРЭХГҮЙ БАЙВАЛ ЭДГЭРСЭН ГЭЖ ҮЗНЭ

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх

Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх эмчээс тодруулахад “KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд яг юунаас болж хордлого авсан эсэхийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтооно. Бидний хувьд ирсэн өвчтөнүүдийг үзээд, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг нь хэвтүүлэн, эмчилж байна. Манай төвд хоёрдугаар сарын 8, 9, 10, 11, 12-ны өдрүүдэд KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн хүмүүс хандсан. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд халуурах, бөөлжих, гэдэс базалж, суулгах нийтлэг шинж илэрч байгаа. Манай төвд хандаж буй хүмүүсээс шинжилгээ авч, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй иргэдэд гэрээр антибиотик бичиж, зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ өвчтөний шинжилгээний хариунд цусан суулга өвчний нян илэрвэл дахин давтан шинжилгээг өгнө. Өвчтөн хэвтэн эмчлүүлсний дараагаар нийт гурван удаагийн шинжилгээгээр нян илрэхгүй байвал эрүүл болсон гэж үздэг” тухай ярилаа.

ХАЛУУРАХ, СУУЛГАХ, БӨӨЛЖИХ НИЙТЛЭГ ШИНЖ ИЛЭРСЭН

Харин тэрбээр цусан суулга гэдэсний халдварт өвчний талаар ярихдаа “Цусан суулга гэдэсний халдварт өвчин нь нянгийн гаралтай өвчин. Бохир хоол хүнс юм уу, бохир гараар халдвар дамждаг. Энэ өвчний нийтлэг шинж нь халуурах, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдгээр илэрдэг. Суулгалт дотроо цустай, базалттай, зунгагтай байх тохиолдол гарна. Тухайн өвчтөн өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй, зовуурьгүй нян тээгч байж болно.

Гэхдээ цусан суулга өвчин бол бүрэн эдгэрдэг өвчин. Цусан суулга өвчнөөр өвчилсөн бол насан туршдаа нян тээгч болно гэж ойлгож болохгүй” гэв.

Цусан суулга гэдэсний халдвартай өвчтөний хүнд, хөнгөн байдлаасаа хамаарч харилцан адилгүй хугацаанд эдгэрдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Одоогоор Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлж, хордсон иргэд дунд биеийн байдал нь хүнд, сэхээнд орсон тохиолдол гараагүй гэнэ. Мөн ХӨСҮТ-д хандсан бүх хүмүүсээс цусан суулга халдварт өвчний шинжилгээ авч, давтан шинжилгээг ч хийж байгаа гэдгийг албаныхан хэлэв.

Э.УНДРАЛ: ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР KFC-ГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ, ӨВДСӨНД ГОМДОЛТОЙ БАЙНА

-Та хэзээ Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн бэ?

-Манай гэр бүл хоёрдугаар сарын 10-ны өдөр Зайсан дахь KFC-гийн салбараар 17.30-19.30 цагийн хооронд үйлчлүүлсэн. Бид есүүлээ “Өнөр бүл” багц болон давхар бургер худалдан авсан. Учир нь хоёр хүүхдийн маань төрсөн өдөр байсан. Би нөхөртэйгөө бялуу худалдаж авахаар явах үеэр нөгөө хэд маань хоолоо захиалсан байсан. Тэгээд бялуугаа авч ирээд идэх гээд сууж байсан чинь хүргэн маань “Мах нь их аргуу байна” гэсэн. Тэгэхээр нь би идэхээ болиод пиццанаас нь идсэн. Харин манай хүүхэд давхар бургерыг нөхөр маань тахианы хоёр далавч идсэн юм.

Холбоотой мэдээ

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

-Хордлого авснаа яаж мэдсэн бэ. ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн үү?

-Хоёрдугаар сарын 12-ны орой хамт явсан дүүгийн маань гэр бүл шөнө нь гүйлгээд, бөөлжөөд, өндөр халуурсан. Миний хувьд хоёрдугаар сарын 11-нд ажил дээрээ очиход халуурах шинж тэмдэг илэрсэн. Маргааш нь бүр бие арзайгаад, халуураад эхэлсэн. Тэгээд өөрөө дур мэдэн тариа хийгээд, хордлого тайлах арга хэмжээ авсан. Тэгээд маргааш нь /2019.02.13/ фэйсбүүк дэх мэдээллийг хараад Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгсөн чинь дүүгийн маань охиныг “Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэсэн. Харин надад гэрээр эмчлэх зөвлөгөө өгөөд буцаасан. Тэгсэн хоёрдугаар сарын 14-ны орой манай хүүхэд зунгагтай хүндэрч эхэлсэн. Нөхөр бид хоёр хүүхдээ аваад шууд ХӨСҮТ-д үзүүлсэн чинь нөхөр, хүүхэд хоёрыг хэвтэн эмчлүүл гээд хэвтсэн юм.

-Одоо нөхөр, хүүхдийнх нь биеийн байдал хэр байна вэ?

-Нөхөр маань 42 настай, хүүхэд маань есөн настай. Би сая нөхөртэйгөө уулзаад гараад ирсэн чинь эхний шинжилгээний хариу гайгүй гарлаа. Дахиад хоёр дахь шинжилгээний хариу удахгүй гарна. Тэр шинжилгээний хариу харж байгаад эмнэлгээс гарна гэж эмч хэлсэн гэсэн.  Харин манай дүүгийн гэр бүл хоёрдугаар сарын 13-ны өдрийн өглөө Тайланд руу ажлаар явсан. Тэр хэд маань өндөр халуурч, бөөлжиж байсан. Тухайн үедээ арга хэмжээ хурдан авсан тулдаа гайгүй өнгөрсөн. Өчигдөр утсаар холбогдоход “ Одоо биеийн байдал дээрдэж байна. Эндээ эм ууж байна” гэж хэлсэн.

Холбоотой мэдээ

Шүүхийн шийдвэр гарвал

Шүүхийн шийдвэр гарвал "KFC"-гийн салбаруудыг хаана

-Нөхөр, хүүхдийн тань хэвтэн эмчлүүлж буй тасагт хэчнээн хүн хэвтэж байна вэ?

-Би нөхөртэйгөө сая уулзахад “Одоогийн байдлаар 30 гаруй хүн Зайсан дахь  KFC-гийн салбараас хордлого авсан гээд  хэвтэн эмчлүүлж байх шиг байна гэж байна лээ” гэсэн. Манай нөхрийн хэвтэж буй тасагт 6-7 хүн эмчлүүлж байна гэсэн. Бид анх ХӨСҮТ дээр шинжилгээ өгөх гээд ирэхэд тухайн өдөр 30 орчим хүн KFC-гийн хоолноос хордсон гээд хандаж байсан юм.

KFC-гийн удирдлагуудаас тантай холбогдсон уу?

-Үгүй. Би өөрөө утасдаад “Танай байгууллагаар үйлчлүүлээд манай гэр бүл хордсон. Нөхөр, хүүхэд хоёр маань ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бас дүүгийн маань гэр бүл хордсон байгаа” гэсэн чинь овог нэр, утас бичиж аваад “Эргэн хариу өгнө” гэсэн. Одоо хүртэл бидэнтэй холбогдоогүй л байна. Манай гэр бүл үнэхээр гомдолтой байна. Нөхрийн маань ажил алдагдаад, дөнгөж хүүхдийн хичээл эхэлчихээд байхад хүүхэд өвдчихөөд байдаг. Зүгээр хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэсэн биш хордлого авч, эмнэлэгт хэвтээд. Үнэхээр хариуцлагагүй зүйл болж байна.

KFC-ГИЙН ЗАЙСАН САЛБАРТ 6 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮНЭЭС НЯН ИЛЭРЧЭЭ

Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэхдээ “Эрүүл ахуй, аюулгүй байдлын  хяналт, тандалтаар дээрх өвчний клиник шинж тэмдэг, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх шинжилгээний дүнгээр цусан суулга халдварт өвчний нян илэрч, хоол хүнсээр дамжсан хоолны хордлогот халдварт болсон гэж дүгнэжээ. Мөн тухайн Зайсан дахь KFC-гийн салбарын үйл ажиллагааг түр зогсоож, бусад 11 салбарт хяналт шалгалт хийхээр ажиллаж байна” гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа ярихдааХоол хүнсээр дамжих халдварт өвчний голомтод ажиллах заавар гэж бий. Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 328 дугаар тоот тушаалаар босго үзүүлэлт гэж зүйлийг ярьдаг. Босго үзүүлэлт гэдэгт “Нэг голомтод хоёр ба түүнээс дээш ижил шинж тэмдгээр өвчилсөн бол хоол хүнсээр дамжих халдварт өвчин мөн” гэж үзэж, шалгалт хийдэг. Өвчтөнөөс нян тээгч илрүүлэх шинжилгээг авдаг. Үүний дагуу шинжилгээ хийхэд тухайн салбарт ажиллаж буй хоёр ажилтнаас цусан суулга өвчний нян илэрсэн.

Бид хоёр ажилтнаас илэрсэн нянгаас дахин нян тээгч байж уу, цочмог хэлбэрээр өвчилсөн өвчтөн байж уу гэдгийг шалгаж тогтооно. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажиллагсад зургаан сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. Тэгэхээр тухайн салбарын ажилтан зургаан жил ажиллаж байсан хүн. Шинж тэмдэг илрээгүй ч шулуун гэдэсний арчдаст нь цусан суулга халдварт өвчний нян илэрсэн. Цаашдаа нян тээгч үү, шинээр өвчилсөн үү гэдгийг тогтооно. Энэ хүн өмнө нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдөр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан байдаг” талаар мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж