"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.02.18/ 2018-2019 оны намрын чуулганы хуралдаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо намрын чуулганаар нийт 11 удаа хуралдаж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль, таван харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, таван хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. Мөн УИХ-ын намрын чуулганы хуралдаан хуралдаагүй, тасалдсан ч энэ хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй байнгын хороо бол тус байнгын хороо юм байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсч, Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын асуудал, соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг асуудалд онцгой анхаарч ажилласан. Одоо тус байнгын хороонд Хөдөлмөрийн хууль, эрүүл мэнд, нөхөн үржихүй, Тамхины хяналтын тухай хууль, Бичил уурхай эрхлэгчдийн иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол зэрэг чухал хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Байнгын хорооноос халамжийн байгууллага болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтын төвүүдийн чиглэлээр, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж  байна. Энэ ажлын хэсгийг ахалж, орон нутаг болон нийслэлийн мэргэжилт сургалтын төвүүдтэй хамтарч ажилласан. Ер нь бол хуулийг шинэчлэх шаардлагатайг онцлоод ажлын хэсгийн зүгээс суралцаж байгаа оюутнуудад сар бүр олгодог тэтгэлэг олгох ёстой гэдгийг холбогдох яамдад нь хүргүүлсэн. Үүний дагуу оюутнуудад 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс оюутнуудын тэтгэлгийг олгохоор болсон.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Хүүхэд хамгааллын асуудлаар байнгын хороо тодорхой арга хэмжээ авчээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд KFC-ээс хүүхдүүд хордсон асуудал гарсан. Ер нь хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийг хордуулсан ийм тохиолдолд хариуцлагыг өндөржүүлэх боломж бий юу?

-KFC –тэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл байнгын хороонд ирээгүй байна. Гэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагыг чангатгах, хүүхдийн хоол бэлтгэж байгаа бол хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах боломжтой.

-Байнгын хорооны даргын ажлаа хэзээ өгөх вэ?

-Хуульд заасны дагуу байнгын хорооны ажлаа тайлагнаж байгаа. Чуулган завсарлах өдөр миний бие сайдаар томилогдсон  бөгөөд байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байгаа. Байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудал чуулганы хуралдаанаар ордог учраас ээлжит бус эсвэл хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Төрийн нарийн бичгийн даргатайгаа газрын дарга нар ажиллаж чадахгүй гэсэн мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Манай яамны Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой миний нэр дээр ямар нэг санал хүсэлт ирээгүй байна. Өөр байгууллага руу тавьсан асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Их тэнгэр худалдааны төвд байсан уран зургууд дандаа хуулбар гэх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд яригдах боллоо. Яам энэ чиглэлээр шалгаж, тодруулсан зүйл бий юу?

-Соёлын өв алдагдаж байгаа эсэх, баримттай эсэх талаар яаралтай мэдээлэл бэлтгэж өгөх хүсэлтийг өнөөдөр өглөө яамны шуурхай хэлэлцүүлгийн үеэр ярьж, үүрэг өгсөн байгаа. Хэрэв хуурамч гэх баримт байгаа бол бидэнд ирүүлж, бид энэ чиглэлээр ажиллана.

-Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтаас гарсан. Сэргээх, шинэ барилга барина гэж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байх шиг байна?

-Байгалийн түүхийн музейг КОЙКА-аас буцалтгүй тусламжтайгаар барих ажил сүүлийн хоёр, гурван жил яригдаж байгаа юм. Тус байгууллагын ажлын хэсэг ирж үзээд одоогийн байгаа газар нь жижигхэн байгаа учраас Хотын захиргаанаас өөр газар олгож өгөх санал өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм билээ. Тиймээс Солонгосын буцалтгүй тусламж худлаа болсон учраас бид энэ асуудлыг хөөцөлдөж байгаа бөгөөд бүр болохгүй бол улсын төсөв болон  өөр бусад олон улсын байгууллагын тусламжийг судалж байна.

Сурах бичгийн хүрэлцээ муу, зарим орон нутагт огт сурах бичиггүй байсаар энэ хичээлийн жилийг үдэж байна. Ер нь сурах бичгийн нэг стандарттай болоод ирэх хичээлийн жилээс өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Энэ жил сурах бичигт 3,6 тэрбум төгрөгийн төсөв байгаа. Улсын хэмжээнд сурах бичигтэй болгоно гэвэл 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг яамныхан хэлж байна. Цаашид сурах бичгийг яах ёстой вэ гэвэл улсын төсөвт хангалттай тавих эсвэл бага болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс авч, арилжааны хэлбэр лүү оруулаад явах хоёр боломж байгаа юм.

Хүүхэд хамгааллын төсөв 2018 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд зарцуулалт нь тавилга, хурал цуглаанд зарцуулагдсан гэсэн шүүмжлэл байсан. Энэ зарцуулалтад байнгын хороо хяналт тавьсан уу?

-Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар байнгын хороо шалгасан. Хэвлэл мэдээллээр явсан тавилгад зарцуулсан гэдэг нь хоёр талтай юм билээ. Яагаад гэвэл  хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, хамгааллын байрууд шинээр ашиглалтад орсон. Тэр зорилгын хүрээнд тодорхой хэмжээний тавилгад зарцуулагдсан байсан. Энэ жилийн найман тэрбум төгрөгийг зорилготой, олон хүүхдийн эрхийг хамгаалж чадах хүрэх үр дүнтэй төслүүд рүү оруулж, хяналтаа сайн тавих ёстой гэж үүрэг чиглэл өгсөн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж