Энэтхэгийн дотооддоо үйлдвэрлэсэн анхны хурдан галт тэрэг үйлчилгээнд нэвтэрсэн эхний өдрөө буюу Баасан гаригт /2019.02.15/ Варанаси хотоос нийслэл Шинэ Дели хот руу буцах замдаа эвдэрсэн байна.
Өмнөх өдөр нь тус улсын Ерөнхий сайд Наренда Моди галт тэрэгний нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ “Энэ бол Энэтхэг улсын хүч чадлын бэлгэ тэмдэг. Бид сүүлийн дөрвөн жил хагас төмөр замын системийг өөрчлөн шинэчлэхийн төлөө шаргуу ажилласны үр дүнд “Ванда Бхарат Экспресс” галт тэргийг бүтээлээ” хэмээн хэлсэн билээ. Түүний санаачилсан “Make in India” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улс анх удаа хурдны галт тэргийг дотооддоо үйлдвэрлэсэн нь энэ ажээ.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар галт тэрэгний цахилгаан болон тормосны систем гэмтсэнээс болж сүүлийн дөрвөн вагоны ажиллагаа алдагдсан тул нийслэлээс 200 орчим километр зайтай Чамрола өртөөнд зогссон байна. Уг галт тэргэнд сэтгүүлчид болон төмөр замын салбарын албан тушаалтнууд, мэргэжилтнүүд зорчиж байсан ба тэднийг өөр галт тэргэнд шилжүүлэн суулгаж нийслэл рүү явуулсан гэв. Үүний дараа мэргэжилтнүүд галт тэрэгний гэмтлийг олж илрүүлэн, засварласан учир галт тэрэг Шинэ Делид амжилттай иржээ.
“Ванда Бхарат Экспресс” галт тэрэг нь “хагас хурдан” ангилалд багтах бөгөөд 160 км/цаг хүртэл хурдлах чадалтай юм байна. Нийт 1,128 хүний багтаамжтай ба Делигээс Варанаси хүртэл 750 км зайг найман цагт туулсан байна. Харин энгийн галт тэрэг уг зайг 11 цагийн хугацаанд туулдаг аж.
Эх сурвалж: CNN, BBC
Холбоотой мэдээ