Алтан үеийн зохиолч, хутагт судлаач Д.Цогт-Очир | News.MN

Алтан үеийн зохиолч, хутагт судлаач Д.Цогт-Очир

Алтан үеийн зохиолч, хутагт судлаач Д.Цогт-Очир

“Би од байна”, “Аюул ирсэн нь”, “Онцгой даалгавартан” гээд детектив зохиолуудыг нь уншиж, эх орончийн сэтгэлээр зүрх нь хүчтэй цохилж явсан хүн бидний дунд олон бий гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харин бичсэн зохиолчийнх нь нэрийг хэд нь санаж байгаа бол. Учир нь энэ  эрхэм бичиж туурвих, судлах тодруулах нөр их ажилд үргэлжийн нухлагдаж, чимээгүй бүтээж ирсэн юм.

Саяхан Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойгоор төрдөө үнсүүлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болоход нь “Хаанаас гэнэт гараад ирэв” гэж гайхах хүн ч байв.Тэгвэл Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч П.Бадарч түүнийг “Алтан үеийн зохиолчдын нэг” хэмээн тодотгосон. Зарим нь   түүнийг хутагт судлаач, хатагины  түүхч, НАХЯ-ны хүндэт чекист, Цагдаагийн академийн багш, Хууль зүйн ухааны доктор, өдийд гавьяат хуульч болсон байх учиртай нэгэн гэлцэж байсан. Олон талтай атал  оньсого шиг энэ эрхмийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.

Егүзэр хутагтын хойд дүр О.Лувсанчойжингийн хамт 2014 он.

ЖИРИЙН БАГШААС НАХЯ-НЫ АЖИЛТАН, КОНСУЛЫН АТТАШЕ

Өдгөө нас сүүдэр 94 хүрч буй Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад  зохиолч Д.Цогт-Очир гуай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, хатагин хошууны хүн юм. Аав нь адуучин Дамба гэж хүн байсан бөгөөд 1927 онд  хүүгээ мэндлэхэд Эрдэнэцагаан сумын нутаг Хөндлөн хайлаастад нутаглаж байсан  Егүзэр хутагт Галсандашид  бараалхан нэр гуйжээ. Ингэж тэрээр  хутагтаасаа  дуудах нэр, дуурсах алдрынхаа титмийг анх авсан гэдэг.

Д.Цогт-Очир гуайг мэдэх таних хүмүүс  “Багш  байхаар цаанаасаа заяасан  хүн ” гэлцэх.  Тэр нь ч  үнэн юм. Тэрээр 1939-1943 онд   бага  сургууль дүүргээд 1943-1945 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцжээ. Багш болох нь түүний мөрөөдөл байж. 18 насандаа багш болж аймгийнхаа дунд сургуульд багшилсан байна. Дараа нь Халзан суманд томилогджээ. Багшлахын зэрэгцээ уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж, жүжиг бичиж, өөрөө найруулан тоглуулж, “Пионерийн үнэн” сонины идэвхтэн  бичигч болоод амжиж. Түүгээр зогсохгүй амьдралаа ч төвхнүүлж, нутгаасаа эхнэр авч гал голомтоо бадраажээ. Гэргий нь  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Тувааны Лхам, таван хүүхдийнх нь ээж, амьдралын хань нь өдгөө 90 насны босгыг алхжээ. Өдгөө нэг нь 94, нөгөө нь 90 насны сүүдэр зооглоод буй хоёр сайхан буурал “Бид хоёр тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбоод 72 жил хамт амьдарч байна” хэмээн ярьж сууна.

2019 он. Цагаан сар.

Ц.Лхам гуай үсэг бичигт гаргуун охин нутагтаа шинэ үсгийн багш хийж байгаад гаалийн хороонд жолооч байсан аавыгаа хэлмэгдэж сураггүй болоход  ээждээ тус нэмэр болохоор айлд зарцлагдаж, аргал түүж явсан гэдэг. Ингэж яваад залуу багш Д.Цогт-Очиртой танилцан гэр бүл болж, тэд Халзан суманд айл  болж төвхнөсөн  гэнэ. Авьяаслаг залуу багш Д.Цогт-Очирыг хөдөө сумаас нь  удалгүй аймгийн төвд дуудан багшлуулсан бол   Улаанбаатар хот руу  татаж  Нийгмийг аюулаас хамгаалах яамны сургалтын асуудлыг  хариуцуулжээ. Эндээс тэрээр  офицерүүдийн боловсролын асуудал эрхлэхийн хажуугаар  өөрийгөө дахин боловсруулж эхэлсэн гэдэг. Нам засгаас ч боловсон хүчний бодлогод онцгойлон анхаарч байсан тул түүнийг  аюулаас хамгаалах чиглэлээр ЗХУ-д сургасан байна. Хойно  сурч ирээд  1950-1962 онд  ДЯЯ /НАХЯ/-нд боловсон хүчний ахлах байцаагч, намын хорооны зааварлагч, сургуулийн тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, 1979-1983 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-ны сургууль, консулын атташе, 1983-1987 онд УБТЗ дахь НАХЯ-ны хэлтсийн дарга, 1987-1995 онд Цагдаагийн академийн гүйцэтгэх хичээлийн  багш зэрэг албыг 50-аад жил хашжээ. 1982 онд тус сургуулийн эрдмийн зөвлөлд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол Улсын тагнуулын байгууллагын анхны хууль зүйн ухааны доктор, багш, профессор, МЗЭ болон  МСНЭ -ийн гишүүн, зохиолч, сэтгүүлч билээ.

Таван хүүхдийнхээ хамт.

Д.Цогт-Очир гуайг Орост таван жил  суралцах  хойгуур гэргий нь сувилагчаар ажиллаж, сүүлд нягтлан-бодох  чиглэлээр сурч мэргэжлээрээ ажиллан,  таван хүүхдээ хэний ч гар харалгүй өсгөж өндийлгөсөн гэдэг. Тэдний хүүхдүүд бүгд дээд мэргэжил эзэмшин улсдаа ажил хөдөлмөр эрхэлж,   өдгөө аав ээж хоёртойгоо хамтдаа өтөлж яваа  бол тэднийхэн ач, зээ нийлсэн 30-аад хүнтэй өнөр бүл болжээ. Ач нараас  нэг нь  сэтгүүлч болсон  ч зохиол  бичих, судалгаа шинжилгээ  хийж буй хүн алга. Цаашид гарах байх гэж итгэж байгаагаа өвгөн зохиолч хуучилсан. Харин  зохиолчдын байгууллага, үзэг  нэгт нөхдийнхөө тухай тэрээр тун ч өөдрөг бодолтой, монгол зохиолч Нобелийн шагнал хүртэнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй  аж.

ХУТАГТЫН НЭР ХАЙРЛАСАН ХҮҮ БУЮУ ХОЖМЫН СУДЛААЧ

Егүзэр хутагтаас  адуучин Дамбын хүүд Цогт-Очир гэх  нэрийг  хайрласан бол    хожим  өсч том болоод хутагт судлаач болж, тэр байтугай Егүзэрийн хийдийн лам нарын гэх  хэрэг хилс болохыг  түүхэн баримтаар  няцааж, цагаатгуулахад  ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь  хувь заяаны бас нэг сонин тохиол гэмээр.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Н.Лутбаяр түүний тухай  “Хутагт судлаач” хөрөг нийтлэлдээ   “Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагатай амьдрал, ажил үйлсээ холбосноор тэрээр  түүхийн үзэл сурталжсан бүдэг жимээр мөшгөх, архивын тоостой ном судрыг онгичиж салхи оруулдаг саваагүй ажилд уруу татагдав. Учир нь тэрээр НАХЯ-ны чиглэлээр судалгаа хийж цол хамгаалсан цорын ганц эрдэмтэн юм. Ийн НАХЯ-ны архивт орж бичиг баримт үзэж, судалж суухдаа хэлмэгдлийн талаар эрт ойлголттой болж, төр нийгэм шашны том зүтгэлтэн, зүүн хязгаарыг илбэн тохинуулагч сайдаар гурван төрд зүтгэж ирсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Богд хаант Монгол Улсын 13 тамгат хутагтын нэгэн бээр хийгээд, Зүүн өмнө хязгаарын монголчуудыг илбэн тохинуулах ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан, эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт цол гавъяа бүхий нэгэн байсныг таньж мэдээд түүний талаарх сонирхолтой баримт материалыг шимтэн үзэж улмаар нутаг усныхан болон ойр байсан лам хуврагуудаас тандан сурвалжилж тэмдэглэл хөтлөн бүтээлийн арвин түүхий эдтэй болсон байдаг. “Хэлмэгдсэн Егүзэр хутагт”, “Мөнхрөх хутаг”, “Зөнч мэргэн Егүзэр хутагт”  номууд нь  ингэж бүтжээ. Үгүйсгэж, үгүйсгэж зоолсон нохой, лам хоёроос өөр юм бидний үеийн түүхэнд үлдээгээгүй хигсэн үзэл суртлын тулааны талбараас ийм арвин олзыг авч үлдэж чадаад бидэнд хүргэж өгсөн Д.Цогт-Очир судлаачийн хөдөлмөр, утга урлах эрдэм, уран зохиолын боловсролыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог гэсэн сайхан үг бий. Тэгвэл эцэг нь Хутагтаар нэр хайрлуулсан Цогт-Очир хүү дуурсах алдраа хутагт судлалаар давхар давхар мөнхөлж явна. Тийм ерөөлтэй байсан хэрэг биз. Тохиолдлын юм гэж байдаггүй дохиололтой хорвоо билээ. Давхар давхар мөнхөлж явна хэмээсэнд ч учир бий. Д.Цогт-Очир гуай бол зохиолч хүн. Сэтгүүлч, нийтлэлч хүн. Нийгмийн аюулаас хамгаалах яамны ажилтан, хүндэт чекист, эх оронч хүн. Эгэл жирийн багш хүн. Эх орны минь зүүн хязгаар Эрдэнэцагааны хүн. Харц ард Хатагин Дамбын хүү” гэсэн нь бий.

ХЭЛМЭГДСЭН  ХУВИЛГААН ЕГҮЗЭР  ХУТАГТ ГАЛСАНДАШ

1983 оны шинэ жил Москвагийн худалдааны төлөөлөгчийн ресторанд.

Д.Цогт-Очир гуай Егүзэр хутагтын зургийг гэрийнхээ хойморт бурхан шиг залсан байдаг юм байна. Хутагтын тухай  яриа хөөрөө өрнүүлэхэд өвгөний нүд сэргээд ирэх юм. Хутагтын талаар бид цөөн хором хуучлав. 

-Егүзэрийн хийдийн лам нар  эсэргүү зэвсэгт бослого гаргах гэж байсан гэх хэргийн талаар  асуумаар байна?

-Егүзэр хутагт Ж.Галсандашийг Богд хааны зарлигаар Монгол Улсын зүүн өмнө хязгаарыг илбэн тохинуулах сайдаар 1913 онд тохоон томилж ажиллуулсан. Тухайн үед зүүн өмнөд хязгаарт  Хятадын зүгээс цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэх халдах оролдлого гарах аюул байсан тул Богд хаант улсын Сангийн яамнаас Хүчитбаатар гэх жанжин цол шагнасан үхэр буу нэг, Цогтбаатар дэд жанжин цол шагнасан бага үхэр буу нэг, пульмёт 31, ланжуу 260, бирдаан буу найм, сэлэм, жад, сум зэргийг нэлээд тоогоор хил хамгаалах цэргийн зориулалтаар Егүзэр  хутагтын нэр дээр хүргүүлсэн байдаг. Гэвч тэр зэвсгийг хэрэглэлгүй байсаар Ардын засаг үүссэний дараа 1923 онд  Нийслэл  хүрээнд эргүүлэн ирүүл гэсэн ёсоор  бүрэн,  сайн ажиллагаатайг нь хүргүүлсэн. Хагас дутуу, чанар муу, заримыг нь “Тээшний гарз”  явуулах хэрэггүй хэмээн үлдээж нэгэнт хэрэгцээгүй гэж үзсэн тэдгээр буу, зэвсгийг газар ухуулан булуулсан байдаг. Гэтэл 1936 онд, Егүзэрийн хийдийн лам нар буу зэвсэг нуун дарагдуулж, нам төрийн эсрэг зэвсэгт бослого гаргах гэж байна гэсэн сэжиг таамаглал яагаад ч юм бэ гаргаж, үндэслэлгүй хэрэг үүсгэн хийдийн хэсэг лам нарыг баривчлан мөрдсөн байдаг.

-Хэрэгцээгүй болсон тэр буу зэвсгийг хэрэглэж эсэргүү бослого гаргах гэсэн хэргээр лам нар шийтгүүлсэн юм уу?

-Тэгсэн. Буу зэвсэг булсныг хадгалсан болгоод, Ванчин Богдоор удирдуулсан гадаад орны цэрэг довтлон ирэх үед лам нар тэр зэвсгийг авч зэвсэглэн Ардын засгийг устгахаар босно гэсэн хилс  хэргийг  хүлээлгэн лам нарт ял шийтгэл оноосон байдаг.

-Үнэхээр эсэргүү бослого гаргах гээгүй л юм бол тэдгээр лам нар яагаад тийм хэрэг хүлээсэн юм  бол. Энэ л сонин санагдах юм?

-Лам нарыг 1936 оны долдугаар сарын 6-нд баривчлаад, 1937 оны гуравдугаар сар  хүртэл мөрдөхдөө нэг хүнийг  33 удаа байцаасан зэргээс  үзэхэд  мэдүүлгүүдийг хооронд нь зөрүүлэхгүй гэж цээжлүүлж заримыг хэрэгжүүлсэн гэмээр. Анхны мэдүүлгүүддээ хэрэг хүлээгээгүй байдаг боловч сүүл  рүүгээ цөм адил төстэй мэдүүлж хэрэг хүлээсэн байдаг.

-Сүүлд бүгдийг цагаатгасан байх аа?

-Эсэргүү зэвсэгт бослогын хэрэг гэгчийг 1990 онд шалгаж, үндэслэлгүй зохиомол болохыг нь тогтоож цагаатгасан.

Ийнхүү хутагтын талаар түүнтэй яриад байвал хэдэн өдөр, сараар хуучлах асар их мэдээлэл байдаг юм байна. Гэвч цаг бага сонины хуудас тоотой учраас цааш зохиол бүтээлийнх нь талаар ярилцахыг эрхэм болголоо.

ХОС МОРЬТОЙ ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ

Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.

Д.Цогт-очир гуай аль ч салбарт ажиллахдаа өмнөх ажлаа хэнээс дутахгүй хийж, хажуугаар нь авьяас билгээ сорьж ирсэн ясны зохиолч юм. Хөдөө багшилж байхдаа “Пионерийн үнэн” сонины идэвхтэн бичигч, сэтгүүлч  болсон тэрээр жүжгийн зохиол, богино өгүүллэг бичиж байж. Хотод орж ирээд   1955 оноос  зохиол бүтээл  туурвих ажлаа сэргээн   уран зохиол оролдож эхэлжээ.  Ялангуяа “Залуучуудын үнэн”  сонинтой холбоотой ажиллаж, “Мөнх дурсагдах баатруудын алтан хуудсаа” буланг санаачлан хөтөл, хувьсгалын жилүүдэд Монголын ард түмний тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахын  төлөө зүтгэсэн баатарлаг үйлстнүүдийг сурталчлах, тодруулах ажлыг хийж байжээ. Энэ үеэр    Чекист Янсанжав , Хилчин Дамба, Хилчин Бавуу  нарын олон баатрлаг хүмүүсийг судлан найруулал, тэмдэглэл, олон баримтат өгүүллэг  бичсэн  нь хүүхэд, залуусыг  эх оронч үзлээр  хүмүүжүүлэх,  гэрээүүлэх үйлсэд ихээхэн  тус болжээ. Сурах, багшлах, судалгаа, шинжилгээ хийх гээд түүнд чөлөөт цаг ховор  байсан ч  гэлээ түүхэн роман,  баримтат туужаас гадна 100 гаруй өгүүллэг бичиж ном гаргажээ.  Өгүүллэг  гэхэд арав шахам  түүвэр гаргасан юм.

Ийнхүү идэр залуу насандаа Монголын Зохиолчдын Эвлэлийн  II  Их хуралд төлөөлөгчөөр оролцож, алтан үеийн зохиолчдын үүх  түүхийг сонсч, Улсын төв номын сангийн дэргэд Б.Содномын дугуйланд суралцан зохиол бүтээлийн ажлаа тууштай хийж явсан Д.Цогт-Очир гуай  одоо ч зүгээр суулгүй зохиол, бүтээлээ туурвисаар л явна. Түүхэн хүмүүсийн талаар судалсан, бичсэн, хэвлэлд нийтлэгдээгүй ховор баримтууд ч түүнд олон байна.

ХАТАГИН ОВГИЙН  ТҮҮХЧ

Д.Цогт-Очир гуай хатагин  овгийн хүн. Тэрээр хатагин овогтнуудын судалгаа гаргаж, түүхээ бичиж, Чингис хааны үеийн хатагинчуудын  цэргийн тугийг уул хаданд нууж хадгалж байсныг олж сэргээжээ.  Хатгин гурван  хошуу буюу одоогийн  Сүхбаатар  аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад суманд амьдарч буй хатагинчууд өдгөө овгийн баяраа хийж,  хар сүлдээ цэнгүүлдэг болсон эндээс эхлэлтэй. Мөн тэрээр хатагины түүх,  гарал үүслийн талаар судалж тусгай ном бичсэн байна. Түүнчлэн ус  нутгаасаа  төрсөн  болон  Монголын эрдэмтэн, түүхчдийг судлан бичиж  нийтийн хүртээл болгосны дотор  Монголын уран зохиолын бүлгэмийг байгуулахад хүчин зүтгэж, Монголын түүхийг бичиж байсан Хурц билигт Дашням гүнгийн талаар судалж хэвлэлд бичсэн байна. Мөн түүхч  Загд залан,  Хурц ван нар ардын  хувьсгалынхан болоод  Д.Сүхбаатар жанжинтай холбоотой байсан талаар,  тэдэнд туслаж байсан тухай  судалж, олон баримтат өгүүллийг бичжээ. Хуульч хүний хувьд хуульчдын ёс зүйн тухай ном гарын авлагууд  гаргасан нь цөөнгүй.  НАХБ-ын түүхтэй холбоотой сэдвээр ч бичиж туурвисан, нийтийн хүртээл болгосон нь цөөнгүй юм.

Ахмад багш, түүхч, зохиолч, сэт­гүүлч, хутагт судлаач, НАХЯ-ны хүндэт чекист гээд олон талтай ч, ху­вийн амьдрал, замналаа тэр болгон тоочоод байдаггүй  оньсого шиг эрхэм­тэй уулзан хөөрөлдөж товч тэм­дэг­лэсэн минь иймэрхүү.Өдгөө 94 насны сүүдэр зооглож буй Д.Цогт-Очир гуай “Монголын ард түмэн айх аюулгүй,  өвчин зовлонгүй тай­ван сайхан, эв найртай  байвал жар­гал тэр. Ороо бусгаа төрийн байдал цаашид эв зүйгээ олох байх. Тө­рийн алба зохих журмаар бэхжих байх. Улс орон минь улам мандаж бад­ран хөгжөөсэй” гэснээр энэхүү нийт­лэлээ жаргаая. Урт наслахын ерөөлөргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж