Завхан аймгийн Тэс суманд бага насны хүүхдүүд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Зүр багийн зургадугаар гудамжинд иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11.08 цагт гал унтраах ангид ирсэн аж.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн долоон аврагч шатаж буй гэрийг 20 минутын дотор унтраажээ. Харамсалтай нь, гал түймэрт долоон настай эмэгтэй Н, хоёр настай эрэгтэй Н нар өртөж нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Он гарсаар улсын хэмжээнд нийт 828 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 13 хүн нас баржээ. Үүний ес нь том хүн, дөрөв нь хүүхэд байгаа юм. Иймд айл өрхүүд ил задгай асгасан цогтой үнс нурам, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачааллыг нягталж үзэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ