Хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн АНУ-ын цэргийн онгоцнууд Венесуэлтэй хил залгаа Колумбын Кукута хотноо өчигдөр /2019.02.17/ газардлаа. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр зарлаад байгаа тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтээр илгээсэн байна. Харин Ерөнхийлөгч Николас Мадуро эдгээр цэргийн онгоцнууд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бус улсад нь үймээн самуун өдөөх зорилготой, АНУ-ын даалгавартай ирж байгаа гэж үзэж байгаа юм.
“Бидний тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч байна. Хилийн дотор болон гадна байгаа бүх сайн дурынхныг дайчлан тусламжийг авчирна. Ойролцоогоор 60 мянга орчим сайн дурын ажилчид хоёрдугаар сарын 23-нд тусламжийг хил давуулах болно” хэмээн Хуан Гуайдо мэдэгджээ.
Колумб улстай хиллэдэг “Симон Боливар” олон улсын гүүрийг Мадурогийн тал газрын тос тээвэрлэгч болон ачааны чингэлгүүдээр хааж, цэргийн хамгаалалт гарсан байгаа учир тусламжийг хилээр нэвтрүүлж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Улс төрийн үймээнтэй байгаа Венесуэл улсад олон мянган хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж, янз бүрийн өвчин газар авч, эмнэлгийн байгууллагууд эм тарианы хомсдолд орж, олон сая Венесуэлчүүд хөрш орнууд руу дүрвэж байгаа юм. АНУ-аас дараа дараагийн хүмүүнлэгийн тусламж илгээгдэхээр төлөвлөгдсөн байгаа хэмээн тусламжийн ажлыг удирдаж буй Марк Грин мэдэгджээ.
Эх сурвалж: BBC