Энэ хичээлийн жилд 500 мянган хүүхэд суралцана

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Энэ хичээлийн жилд 500 мянган хүүхэд суралцана

Наадмын дараа намар гэгчээр зуны туршид амарсан сурагчид удахгүй хичээл сургуульдаа орох дөхлөө. 2010-2011 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 750 орчим сургуульд 500 гаруй мянган хүүхэд суралцана. Үүний 50 мянган нь нэгдүгээр ангид шинээр элсэн орж байгаа аж. Улсын хэмжээнд 37 мянган багш ажиллах бөгөөд мэргэжлийн багшийн хангалт 98.5 хувьтай байгаа гэнэ. Зарим сум, орон нутагт математик, гадаад хэл, химийн хичээлийн багш цөөн тоогоор дутагдалтай байгаа хэдий боловч орон нутгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зэргээр ажлын зар хүргүүлээд байгаа талаар холбогдох албаны мэргэжилтэн мэдээллээ. Мөн ерөнхий боловсролын урсгал засварт улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар найман тэрбум төгрөгөөр нийтдээ 142 объектод их засварын ажил хийгдэж байгаа бөгөөд дийлэнх нь хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд хийж байгаа гэнэ. Одоогоор ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт хараахан ирүүлээгүй байгаа боловч гэрээнд зааснаар ирэх наймдугаар сарын 25-нд хүлээлгэн өгөх юм. Энэ жил шинээр Булган аймгийн Рашаант сум, Дундговь аймгийн III сургууль, Багахангай дүүрэгт цогцолбор сургуулийн барилга зэрэг найман сургуулийн томоохон өргөтгөлүүдийг нэмж ашиглалтанд оруулах талаар төсөв, хөрөнгийг шийдвэрлээд байгаа боловч зарим барилгын ажил он дамжих төлөвтэй байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж