Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэл өгөв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Мэдээлэл танилцуулгыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилтыг сайжруулах, түүнд хувь нэмэр оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ. Тухай бүрт төсвөөс хөрөнгө гаргаж байсан, тухайлбал 2014 онд 2.3 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Тэгвэл энэ онд 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагууд болон иргэдээс санал авч, зургаан бүлгийн нийтдээ 114 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтын 26, соёл урлагийн 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс төлөвлөгөө гаргажээ. Мөн хот тохижилтод онцгойлон анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулна. Мөн хороо, дүүргийн орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой уралдаан зохион байгуулах юм байна.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, хариулт авлаа.

Тэргүүлэгч  Н.Батсүмбэрэл:  -380 жилийн ой бусад тэмдэглэлт арга хэмжээнээс ямар онцлогтой вэ. Ойн хүрээнд ажлын хэсгийнхэн сард 1-2 ажил хийнэ гэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажил хийсэн бэ. Нийслэл 152 хороотой. Гэтэл арга хэмжээнд 10 хороог л оруулсан байна. Хэн гэдэг төлөөлөгчийн санал вэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг болиулах хэрэгтэй. Гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн, байшин хороололд ногоон төгөл байгуулна гэжээ. Энэ бол хотын хийх ёстой ажил. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, гудамж талбайг угаана гэсэн байна. Энэ ч өдөр тутам хийх ажил. Үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оруулах шаардлагагүй. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулахын оронд гэр хорооололд гэрэл нэмэх хэрэгтэй. 380 жилийн ойн уриа, лого юу байх вэ?

Ш.Анхмаа: -Харьяа газруудаас санал авсан. Хотын ирээдүйн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн онцлогтой. Олон санал ирүүлснээс шүүж, төлөвлөгөө гаргасан. Мөн баяр наадмын тоглолтыг цомхон болгож, бага төсөвт багтааж хийхээр болж, нийгмийн хөгжил тал руу олон ажил хийхээр төлөвлөсөн.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: -Төсөв батлах үеэр хороодод цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тусгасан. Тэгэхээр үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулах шаардлагагүй. 380 жилийн ойн онцлог харагдахгүй байна. Хотын ойд зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг юунд зарцуулах юм бэ?

Ш.Анхмаа:  -Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Тэргүүлэгч Б.Батнасан: -Дүүргүүдэд ямар ажил хийх юм бэ. Төсөвлөсөн хоёр тэрбум төгрөгийн хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулах юм. Төсвийн задаргаа байна уу.

Ш.Анхмаа: -Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр: -Ойг тэмдэглэх ажлын хүрээнд  эрдэмтэн судлаачдын дунд нийслэлийн түүхтэй холбоотой эрдэм шинжилгээний хурлаа явуулж, иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: -Тогтмол хийдэг ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулсан байна. Ямар учраас оруулсан юм бэ. Гэрлэн дохио байршуулах, замын тэмдэглэгээ тавих, ЕБС-ийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын чанарыг дээшлүүлэх, автобусны буудлын жишиг зогсоол байгуулах зэрэг бол байнга хийх ёстой ажил. Эдгээрийг заавал оруулах ёстой юм уу?

Ш.Анхмаа: -Бид өмнө нь байгаагүй амжилтаа дээш нь ахиулахаар арга хэмжээнд оруулсан. Нийслэл сургалтын чанараар улсын хэмжээнд есдүгээрт жагсдаг байсныг өнгөрсөн хугацаанд долдугаарт эрэмблэгддэг болгож ахиулсан. Энэ үр дүнг ахиулахын тулд сургууль боловсролын байгууллага руу хандсан ажлуудыг оруулсан.

Үүний дараагаар Тэргүүлэгчид саналаа хэлэв. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ажлыг жагсаалтаас хасах ёстой. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүнийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв. Харин Тэргүүлэгч Б.Батнасан дүүрэг тус бүрт бүтээлч нэг ажил хийх нь зүйтэйг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Улаанбаатар хотын 380 жилийн түүх бол үе үеийн богдууд, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой бас энэ жил тохиож байгаа. Үүнийг бид нийслэлийн ойтой нэгтгэж байгаа. Тиймээс Гандантэгчинлэн хийд орчмын цэцэрлэгийг тохижуулж, амралт зугаалгын төв болгохоор ажиллаж байна. Энэ оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Тиймээс иргэдийн оролцоог сайжруулж, саналыг нь бодлого шийдвэрт тусгахад анхаарч байгаа” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан ном хэвлэн тараах, баяр наадам зохион байгуулж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахгүй, түүх соёлоо гадаад, дотоодод сурталчилсан ажил хийх ёстой. Төлөвлөгөөнд тусгасан нийт ажлын 20-30 хувь нь энэ чиглэлийн ажил байх хэрэгтэй. Даншиг наадмыг зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй. Ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа  ухамсарлаад нийслэлийн бодлогыг дэмжин ажиллахыг уриалж байна” гэв.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаас гаргасан саналыг тусгаж,  Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар танилцуулахыг үүрэг болгож чиглэл өглөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж